СЭЛЭНГЭ: Алслагдсан багт явуулж байгаа нарийн мэргэжлийн эмчийн үзлэг үр дүнтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-21 11:03:33

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Алслагдсан багийн хүн ам, малчин өрх, отор нүүдлээр яваа иргэдэд “Халуун сэтгэл-23” нүүдлийн эрүүл мэндийн үзлэгийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа энэхүү үзлэгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд зохион байгуулжээ.

 

Үзлэгт аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ерөө, Сант, Цагааннуур, Баянгол, Хушаат, Алтанбулаг зэрэг сумын ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

 

Үзлэгийн багийнхан суурин болон алслагдсан багт нүүдлийн амбулаториор үйлчилсэн аж. Энэхүү нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд Хушаат сумын нийт 417 иргэн хамрагдан үйлчилгээ авчээ.

 

Төв сууринд ажиллаж байгаа үзлэгийн баг сумын Эрүүл мэндийн төвд байрлаж, 3 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийсэн аж. Энэхүү оношилгоонд нийт 342 иргэн хамрагдсанаас хиймэл оюун ухаанд суурилсан цээжний эмгэг илрүүлэх үзлэг, шинжилгээнд нийт 51 иргэн оржээ.

 

Мөн шүдний эмчийн үзлэгт нийт 160 иргэн хамрагдсан аж. Түүнчлэн эрт илрүүлгийн нэгдүгээр шатны үзлэгт ерөнхий боловсролын 5-7 дугаар ангийн нийт 79 хүүхэд хамрагдаж 14 эерэг үзүүлэлт илэрчээ.

 

Дээрх эрт илрүүлэг оношилгооны хоёрдугаар шатны үзлэгт Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдаас түргэвчилсэн шинжилгээнд эерэг гарсан 31 хүүхдийг цусны ерөнхий шинжилгээ, иммунолгийн шинжилгээ, хөөмийн арчдасын шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэгт хамруулсан байна.

 

Энэхүү эрт илрүүлэг оношилгооны гуравдугаар шатны үзлэгт дээрх шинжилгээ, оношилгоонд амрагдсан хүүхдүүдийн 21 нь эмчийн үзлэгт хамрагдаж, эмчилгээ болон зөвлөгөө авч эмчийн хяналтад оржээ.

 

Харин явуулын багийн хувьд 750 гаруй км замыг туулж алслагдсан багийн хүн ам, малчин өрх болон отор нүүдлээр яваа иргэдэд гурван төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, дөрвөн төрлийн оношилгоо (зүрхний цахилгаан бичлэг, эхо, элэгний В,С вирус илрүүлэх, сахар илрүүлэх шинжилгээ) үйлчилгээг нийт 75 иргэнд хүргэсэн байна.

 

Холбоотой мэдээ