СЭЛЭНГЭ: Б.Мөнхбаяр: Дэд бүтэц сайн хөгжсөн бүс нутагт байгаа нь хамгийн том боломж

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2023-12-18 13:13:12

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж буй  “Майнд Тэч” ХХК өөрийн үйлдвэрийн “Эзэгтэй” ургамлын тосоо гадаадын зах зээлд гаргаж эхэлжээ.  

 

Тус ХХК-ийн Сэлэнгэ үйлдвэр нь дотоодын ургамлын тосны 25-30 хувийг хангадаг байна. Ингээд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяртай ярилцсанаа хүргэе.

 

-Танд энэ өдрийн  мэнд хүргэе. Танай компани Эзэгтэй ургамлын тосоо гадаад зах зээлд гаргаж эхэлсэн гэлээ. Энэ тосныхоо онцлог хийгээд давуу талыг сонирхуулахгүй юу?

-Баярлалаа. Манай Эзэгтэй ургамлын тос Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийн нэг болж чадсанд баяртай байгаа. Манай компанийн Сэлэнгэ үйлдвэр дотоодын ургамлын тосны 25-30 хувийг үйлдвэрлэж байна. Бид Эзэгтэй ургамлын тосоо Япон, Солонгос улсын зах зээлд гаргаж байна. Эзэгтэй тосны онцлог гэвэл цэвэр эко хөрсөнд тарьж ургуулсан хар рапс буюу юнгарын тосноос гаргаж авдаг гэдгээрээ онцлогтой.

 

Тухайлбал ханасан тосны хүчил хамгийн бага 7 хувь, омега 3, 6 агууламж өндөр, гений өөрчлөлтгүй, химийн уусгагч ашиглаагүй, шахалтын аргаар гаргаж авсан. Мөн транс тос агуулаагүй гээд давуу чанар их бий. Мөн эзэгтэй тосны уураг 40 хувь, тослог 8 хувьтай байгаа.

 

-Үйлдвэрийн хүчин чадал ямар вэ. Ургамлын тосноос гадна ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Манай “Майнд Тэйч” ХХК-ийн Сэлэнгэ үйлдвэр 2012 онд үйлдвэрийн бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Өдөрт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий европ технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Манайх Герман, Швед улсын тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглосон.

 

Цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадал хоногт 100 тонн, савлах үйлдвэрийн хүчин чадал цагт 6500 лонх үйлдвэрлэх чадалтай. Одоо бид хоногт 100000 тонн рапсын үр цэвэршүүлж, 65000 тонн уурагт тэжээл, 35000 тонн ургамлын тос, 15000 тонн био дизель түлш үйлдвэрлэж байна.   

 

Манай “Майнд тэйч” ХХК-ийн Сэлэнгэ үйлдвэр бол Сэлэнгэдээ нэршсэн хүнсний үйлдвэр. Одоо ахиад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд төрөлжөөд явж байна.

 

-Гадаадын зах зээлд гаргахын тулд олон шалгуурыг хангасан байх ёстой болов уу?

-ДЭМБ-ын удирдамжийн дагуу ханасан тосны хэрэглээ нь нийт өөх тосны хэрэглээ нь 1 хувиас бага байх ёстой. Түүнчлэн ханаагүй өөх тосны хэрэглээнд шилжихийг зөвлөсөн байдаг. Иймд манай тос бүх шалгуурыг хангасан гэдгээрээ гадаад зах зээлд гарч байгаа. Манай эзэгтэй тос бол хамгийн эцсийн бүтээгдэхүүн, монголын ард түмэн андахгүй мэддэг болжээ.

-Хөдөө орон нутагт зах зээлээ алдахгүй үйлдвэрлэлээ явуулна гэдэг амаргүй. Давуу тал юу байна вэ?

-Манайх Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Баянгол сум газар зүйн байршлын хувьд нийслэл хоттой хамгийн ойрхон. Энэ бол нэгдүгээр боломж. Хоёр дахь том боломж нь том хот болох Дархан-Уул аймаг манай Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн хамгийн голд байрлаж байна. Эдгээр нь бизнес эрхлэгчдэд хамгийн таатай нөхцөл болж байгаа юм.

 

Мөн монгол, орос, хятад 3 улсыг холбосон төмөр зам Сэлэнгийн нутгаар дайран өнгөрч байна. Цаашлаад олон улсын автозам 4 эгнээтэй болсон.

 

Тэгэхээр мэдээж бизнес эрхлэгч нарт маш таатай орчин бүрдэж байна. Мөн газар тариалангийн бүс нутаг, хамгийн үржил шим сайтай хөрстэй. Иймд газар зүйн байршил болоод дэд бүтэц сайн хөгжсөн бүс нутагт байгаа нь хамгийн том боломж юм.

 

-Танай Эзэгтэй тосны үнэ ямагт хямд хамгийн хямд гэж хэлж болно. Байнга л 6500 төгрөг байдаг. Яагаад ийм хямдаар борлуулж байна. Ашигтай байж чадах уу?

-Монголын хүнсний дийлэнх хувийг Сэлэнгэ түмэн бэлдэж байна ш дээ. Энэ бол хийрхэл биш. Яагаад гэвэл үржил шимтэй газар, дэд бүтэц бүгд байна. Сэлэнгэ аймгийнхны багийн ажиллагаа л гэж харах байх. Импортоор орж ирдэг ургамлын тосны үнэ нэмэгдээд хамгийн хямд нь л 10 мянгаас дээшээ болсон үе байлаа.

 

Тэр үед манай марктенгийн залуус “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд “үнийн хувьсгал” гэж зарлаад хамгийн хямд нь 10 мянга байсан тосны үнээ 6.5 мянга болгож хөдөлгөөн зохион байгуулсан.

 

Ингээд дотоодын үйлдвэрлэгч нар үнээ унагаагаад ирэхээр импортлогч нар дагаад л тосныхоо үнийг хямдруулж ирсэн. Энэ бол Сэлэнгэ түмэн бидний хамтын зүтгэлийн үр дүн гэж харж байгаа.  

 

-Том үйлдвэрлэгчид жижиг үйлдвэрлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Томоохон үйлдвэрлэгчид жижиг үйлдвэрлэгчдийг дагуулаад явж болж байна. Жишээ нь манай үйлдвэрт хүнсний ногоо нийлүүлдэг үйлдвэрлэгчид бий. Тухайлбал тариаланчид байна. Мөн мах, туслах бүтээгдэхүүн, жижиг дайвар бүтээгдэхүүн нийлүүлдэг газрууд ч байгаа. Энэ бол бид Сэлэнгэ түмний үйлдвэрлэлийг дэмждэг хамтын хамтарсан хамтралууд гэж хэлж болно.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ