СЭЛЭНГЭ: Дулаан алдагдлыг багасган, шат шатандаа хариуцлагатай байхыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-14 10:43:34

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаас өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэд бүгдээрээ хамтарч, хамтын хүчээр даван гарах учраас орчныхоо дулаан алдагдлыг багасган, шат шатандаа хариуцлагатай байхыг уриаллаа.

 

Аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар “ОХУ-аас Монгол Улсад өгдөг цахилгаан эрчим хүчний чадлын хэмжээ өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар буурч байгаагаас үүдэж улсын хэмжээнд эрчим хүчний нэгдсэн сүлжээ хязгаарлалтын горимд шилжих нөхцөл байдал үүсээд байна. Урьдчилсан байдлаар гэмтлийн улмаас дээрх нөхцөл байдал үүссэн, гэмтлийг засаж хэвийн байдалд оруулах хүртэлх хугацаанд эрчим хүчийг бууруулан өгч байгаа гэдэг мэдээлэлтэй байна хэмээн мэдээллээ.

 

Аймгийн Онцгой комиссын даргаас энэ хугацаанд аймаг орон нутгийн хэмжээнд эрчим хүчнээс хамааралтай объектуудаа бүхий л нөөц боломжоо ашиглан хөлдөөхгүй байлгах, эмнэлэг, дулааны цахилгаан станц, усны аж ахуй зэрэг 1-р зэрэглэлд багтдаг байгууллагуудыг онцгой анхаарч хариуцлагатай ажиллахыг аймгийн Онцгой комиссын гишүүд болон бүх шатны удирдлагуудад үүрэг болголоо.

 

Эрчим хүчний хязгаарлалт болон цахилгаан эрчим хүчтэй холбоотой үнэн зөв бодит мэдээллийг цаг тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллахыг “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сэлэнгэ салбарт даалгалаа.

 

Хүйтний эрч нэмэгдсэн энэ өдрүүдэд эрчим хүчний хэрэглээ тэр хэрээр нэмэгддэг. Улсын хэмжээнд 2022-2023 оны өвлийн улирлын оргил ачаалал 2023.01.24-ний өдөр 1474 МВт-д хүрч байсан бол 2023.12.12-ны 18:00 цагт 1521 МВт-д хүрсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн энэ ачаалал цаашид ч нэмэгдэх төлөв байдалтай байгааг аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ