ОРХОН: Д.Дагвадорж: Эрдэнэт хотод оркестр байгуулах зорилготой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, тенор, СТА Д.Дагвадоржтой ярилцлаа. Тэрбээр ОХУ, Болгар, Итали улсад болсон дуурийн дуулаачдын олон улсын тэмцээн, уралдаанд оролцож Монгол Улс, Эрдэнэт хотынхоо нэрийг дуурсгаж яваа нэгэн юм.
-“Оройхон гараад ширүүхэн
давхина” гэдэг шиг та богино хугацаанд дуурийн
урлагт багагүй амжилт үзүүллээ. Бахдам сайхан амжилтуудад тань баяр хүргэе. Ажлын
гараагаа та “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгаас эхэлсэн байх аа?
-Баярлалаа. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумынх. Тэндээ арван
жилээ төгсөөд “Сити” дээд сургуульд дуурийн дуучнаар суралцаж төгссөн. Дээд
сургуульд орохдоо тухайн үед Монголын соёл, урлагт цахиур хагалж байсан “Номин
талст”, “Камертон” хамтлагийг хараад эстрадын ангид элсэж орж билээ. Хоёр жил
сурч байгаад дуурийн анги рүү шилжиж дуурийн дуучин мэргэжлийг эзэмшсэн.
Сургуулиа төгсөөд Улсын Дуурь Бүжгийн
Эрдмийн Театр /УДБЭТ/-т ажиллах гэсэн боловч орон
тоо байхгүй байсан. Багш нартайгаа ярилцаж байгаад Эрдэнэт хотоос эхэлье гэж
шийдээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх Уурхайчин соёлын ордны “Эрдэнэт” дуу
бүжгийн чуулгад ажиллая гэж ирсэн. Тэгсэн манайд орон тоо байхгүй чи өөрөө хүсч
байвал цалингүй, дагалдан хий гэлээ. Ингээд гэрээгээр хоёр жил гаран ажиллаж
байгаад 2012 онд үндсэн ажилтан болсон.
-Чуулгадаа гоцлол дуучнаар ажиллаж
байгаад ОХУ руу явсан гэж байсан.
-2012 оноос гоцлол дуучин болж хаана л соёл, урлагийн үйл ажиллагаа, тоглолт болно тэнд л очиж дуулж байлаа. Дуурь, эстрад аль, алиныг нь дуулна. Яг дууриараа дагнахгүй хэрнээ бас орхичихгүй байсан. Тэгсэн 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн соёлын өдөрлөг Улаанбаатар хотод болох гээд бид бэлтгэлээ хангаж байтал УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Б.Эрдэнэтуяа багш дуурийн хоор дуулуулах гээд манай чуулгын дуучин Н.Нямсүрэн бид хоёрт дуэт өглөө. Чуулгын найруулагч МУГЖ Д.Одончимэг дуул гэлээ. Бид дуугаа сураад дуулж байтал гавьяат Б.Эрдэнэтуяа багш намайг чи хоёрдугаар тенор байна. Энэ хоолой их ховордсон. Дуурийн дуугаа дуулаа гэж зөвлөсөн.
Дараа нь 2019 онд
Орхон аймгийн соёл, урлагийн байгууллагынхан Завхан аймаг руу тоглолтод явахад
Б.Эрдэнэтуяа багш над руу утсаар залгаад ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод “Байкальский
Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын Байгаль нуурын олон
улсын III уралдаанд оролцооч гэж
зөвлөлөө. Үзээд алдъя, өөрийгөө хаана яваагаа мэдэх нь чухал гэж бодоод
оролцсон. Өмнө нь 2011 онд Э.Амартүвшин,
2015 онд МУГЖ Г.Ариунбаатар нар түрүүлж байсан бол 2019 онд би түрүүлсэн.
Тухайн уралдаанд оролцохдоо би битүү морь шиг байсан. Хэн ч танихгүй. Хамаг
чадлаа гаргаж сайн дуулна гэж бодоод дээшээ авч болохгүй өнгийг нь авчихсан чинь
шүүгчид ингэж болохгүй шүү, дараагийн шатандаа сайн бэлдээрэй гэж зөвлөөд хоёр,
гурав дахь шалгаруулалтдаа тэнцээд эхний байрт орсон. Өөрийгөө түрүүлсэндээ эхлээд
итгээгүй. Энэ үед гурван газраас ажлын урилга ирсэн. УДБЭТ-аас ч мөн ирсэн. Би ОХУ-ын Буриад Улсын Дуурь бүжгийн академик театраас
эхлэхээр шийдээд 2019-2021 он хүртэл гоцлол дуучнаар ажилласан. Манай театрт
дуурийн гоцлол дөрвөн монгол дуучин байсан. Тухайн үед ковид гараад бидний
тоглолт алдаг, оног л байлаа.
-Буриадад ямар, ямар тоглолтод
оролцож байв?
-Ковидын цар тахал дэгдээд дэлхий нийтээрээ хэцүү байлаа. Цөөн дуурьт тоглоод Монголдоо
буцаж ирсэн. Вакцин хийлгэснээс хойш эрүүл мэнд жаахан муудсан учир дуулахаа
нэг хэсэг зогсоогоод 2021 оноос дахин гадагшаа тэмцээн, уралдаанд орж эхэлсэн. Гэхдээ манай дуурийн дуучид чинь дуулах
зэрэглэл нь насны хязгаартай. А зэрэглэлд дуулах нас 35 хүртэл байдаг.
Анхнаасаа оройхон гараад ширүүхэн давхина гэдэг шиг сүүлд дуурь дуулж эхэлсэн
учраас А зэрэглэлээсээ хасагдаад Б зэрэглэл рүүгээ шилжсэн. Насныхаа дагуу
гэсэн үг. Ингээд 2021 оноос Болгар, Италийн уралдаанд явсан. Өөрөө, өөртэйгөө
ярьж өөрийгөө танин мэдэж, хатуужилтай ч болсон. Амьдралын хэв маягаа өөрчилж
эхэлсэн. Муу зуршлуудаа ч гээсэн. Дөрвөн хүүхэдтэй хүн чинь одоо л амьдралынхаа
төлөө илүү сайн хичээхгүй бол болохгүй нь гэдгээ ойлгосон. Гадаадад тэмцээн,
уралдаанд явахад санхүүгийн асуудал ч хүнд байлаа. Аргалаад л явдаг байсан.
-Та олон улсын ямар ямар
уралдаанд оролцож байв?
2019 онд Байкальский уралдаанд ороод тэргүүн байр, Буриадын төдийгүй Оросын дуурийн урлагийн алдартан Л.Линховоны нэрэмжит олон улсын уралдаанд Гран при, К.Базарсадавийн нэрэмжит уралдаанд мөн тэргүүн байр, 2020 онд Итали улсад болсон “Венечеро” гээд 53 орны 700 гаруй дуучин оролцсон уралдаанд эхний 20-д шалгарсан.
Мөн Болгар Улсад болсон тенор хоолойтнуудын олон улсын
уралдаанд оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэнд олон орны 112 дуучинтай
өрсөлдсөн.
Энэ онд Оросын дуурийн алдартан Хибла Герзмавагийн нэрэмжит уралдааны шилдэг 16 дуучны нэг болсон. Мөн МУАЖ, Дуурийн гоцлол дуучин, тенор А.Энхтайваны нэрэмжит улсын уралдаанд ороод 3 дугаар байрт шалгарсан. 2022 онд 2 уралдаан, 2023 онд 4 уралдаанд орсон. Энэ 4 уралдааныхаа 3-т нь амжилт үзүүлсэн.
-Эдгээр тэмцээний хамгийн их өрсөлдөөнтэй
хүнд байсан нь аль нь вэ?
-Бүгд л өөр, өөрийн онцлогтой. Москвад И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XII уралдаанд эстрад, эх орны сэдэвт, мэргэжлийн гээд таван төрлөөр зохион байгуулсан уралдаанд тэргүүн байрт орчихоод дараагийн тэмцээндээ арай өөр зорилготойгоор оролцлоо. Тэр нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины нэрэмжит, соёл, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих сангаас зохион байгуулсан залуу дуулаачдын олон улсын уралдаан байлаа.
Тусгай байрт шалгарсан дуучинд Москвагийн аль нэг
театрт ажиллах ажлын санал байсан юм. Залуу, шинэ дуучдыг ажил олгогчтой шууд
холбох зорилготой “Ангажемент” гэдэг уралдаан юм. Тэр тэмцээнд ороод тусгай
байр эзэлчихвэл Москвагийн аль нэг
театрт ажиллах урилга авчихна гэж бодож байсан. Тэгсэн би түрүүлчихсэн. Шүүгчидтэйгээ уулзаж би театрт
ажиллах сонирхолтой байгаа, түрүүлээд мөнгөн шагнал авсан баярлалаа, гэхдээ надад театрт ажиллах зорилго байна гээд үнэнээ
хэлтэл, “Та их сайхан дуулдаг, сайн дуучин байна. Гэхдээ Москвагийн театрт орос
дуучдаа дуулуулах зорилготой байдаг. Тиймээс таны нөхцөл таарахгүй байна” гэж
хэлсэн. Тухайн үед надад их сонин хариулт шиг санагдсан.
-Соёлынх нь бодлого гэх үү
ялгаварлан гадуурхалт гэх үү, ёстой сонин хариулт байна. Та одоо “Эрдэнэт”
чуулгадаа гоцлол дуучнаараа ажиллаж байгаа юу?
-Тийм ээ. Гэхдээ түр хүний оронд
ажиллаж байна.
-Таны цаашдын зорилго?
-Эрдэнэт хотдоо багахан хэмжээний оркестртой болохыг хүсдэг. Энэ талаар
орон нутгийн удирдлага, Соёлын яаманд ч хандсан. Манай “Эрдэнэт” дуу бүжгийн
чуулга 29 ажилтантай. Үүний найм нь дуучин, 10 нь бүжигчин, 9 нь хөгжимчин.
Байгаа хүний нөөц нь ийм байдаг. Эрдэнэт хот хэзээний соёл, урлагаараа
Монголдоо дээгүүрт жагсдаг. Хөрөнгө оруулалт, дэмжлэг сайтай. Хүмүүс нь
оюунлаг, соёлын хэрэгцээ нь ч их. Тиймээс бага хэмжээний оркестртой болчихвол
Эрдэнэтийг үнэлэх үнэлэмж илүү нэмэгдэнэ. Хүмүүс ч мэргэжлийн урлагт дуртай
болно. Тиймээс 16-17 хүний бүрэлдэхүүнтэй оркестртой болохоор төлөвлөгөө
боловсруулаад сууж байна. Үүнийг бүтээхийн төлөө л хичээнэ дээ.
-Монгол Улсынхаа нэрийг өндөрт
өргөж яваа, тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцсон соёл, урлаг, спортын
тамирчдаа Орхон аймгийн удирдлагууд маш сайн дэмждэг. Таныг хэрхэн дэмжиж байв?
-Энэ жилийн наадмаар
Эрдэнэт хотын удирдлагууд олон улсын тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн гээд манай
гэр бүлийг 2 өрөө байраар шагнасан. Үүнд маш их баярлаж байгаа. Эхнэр маань
надаас илүү баярласан. Яагаад гэвэл, нүүдэл суудал хийгээд хажуугаар нь өвдөөд,
гадагшаа дотогшоо явж хувийн амьдрал, орон сууцаа товхинуулж амжихгүй байсан яг
энэ мөчид дэмжсэнд нь бид хоёр маш их
баярласан. Олон улсын тэмцээнд оролцоход хамгийн багадаа 10 сая төгрөг
зарцуулдаг. Энэ мөнгийг өөрсдөөсөө гаргаад явахаар заримдаа өрхийн санхүүд ч
хүнд тусдаг. Тиймээс энэ нөхцөл байдлыг маань ойлгож дэмжсэнд манай гэр
бүлийнхэн баярлаж байгаа. Энэ ташрамд тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа
гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.