СЭЛЭНГЭ: Б.Дөлгөөн: Үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх боломжтой аймаг бол Сэлэнгэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-01 14:21:42

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 01 /МОНЦАМЭ/. Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотноо болсон “Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагааны хүрээнд олон сонирхолтой, ач холбогдол өндөр, үр дүнтэй ялангуяа хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлсэн байгаа.

 

Эдгээрийн нэг нь “Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөний танилцуулсан “Өсөн нэмэгдэж буй боломж: Сэлэнгэ аймаг”  илтгэл байлаа.

 

Түүний илтгэлийн талаар товч тодруулга авснаа хүргэе.

 

-Сэлэнгэ аймгийн хөгжлийн хурдасгуурыг хэрхэн харж байгаа талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Сэлэнгэ аймаг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн баримт бичигт гол үүрэг оролцоотой байдаг. Хөгжлийг хурдасгах гол хүчин зүйлийн нэн түрүүнд дэд бүтэц ордог. Мөн ногоо, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжийг гаргаж ирэх нь чухал юм.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг бол олон улсын авто болон төмөр замын боомттой. Иймээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа боомтын сэргэлтийн хүрээнд хийж байгаа ажлууд бүрэн хэрэгжсэнээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэх ёстой.

Ингэснээр экспорт 2030 он гэхэд 29 тэрбум долларт хүрнэ гэсэн тооцоолол гаргасан байгаа. Боомтын сэргэлт хийснээр зөвхөн бараа бүтээгдэхүүн боомтоор гарахаас гадна хүмүүсийн урсгал ч бий болно.

 

-Тэгэхээр Сэлэнгэ аймаг ирээдүйд бизнес эрхлэгчдийн болоод жуулчдын анхаарлын төвд байх гол бүс нутаг болох нь?

-Хүмүүсийн урсгалд жуулчдаас гадна бизнес эрхлэгчид зорин ирэх боломжтой. Үүнээс харахад Сэлэнгэ аймаг газарзүйн байршил болон дэд бүтцийн өгөгдлөөрөө ирээдүйд үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх аймаг болох боломжтой.  

 

Сэлэнгэ  аймагт ирэх жилээс 50Мвт дулааны цахилгаан станц барихаар төлөвлөөд ажлаа эхэлсэн.

 

Ингэснээр аливаа боловсруулах болон хүнсний үйлдвэрлэл цаашдаа хөгжих бүрэн боломжтой гэж харж байна.

-Ярилцсанд тань баярлалаа. 

Холбоотой мэдээ