COP28: Ядуу буурай орнуудад туслах 420 сая долларын сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-01 10:06:19

ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /BBC/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын талуудын 28 дугаар бага хурлын /COP28/ эхний өдөр төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шуурга, ган гачгаас учирсан хохирлыг даван туулахад зориулан удаан хугацааны турш хүлээгдэж байсан санг байгуулахаар тохиролцсон нь гэнэтийн шийдвэр байлаа.


Иймэрхүү хэлцэл тохиролцоог олон хоног хэлэлцсэний эцэст баталдаг билээ. Харин COP28-ын Ерөнхийлөгч Султан аль-Жабер эхний өдөр эл шийдвэрийг танилцуулсан бөгөөд Европын Холбоо, Их Британи, АНУ болон бусад орнууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй ядуу буурай орнуудад 420 сая орчим долларын тусламж үзүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгээ зарлалаа.


Энэхүү тохиролцоо нь дээд хэмжээний уулзалтын үеэр өргөн хүрээний хэлэлцээр байгуулахад түлхэц болно гэж шинжээчид дүгнэж байна.


“Бид бүхэн уур амьсгалын сүйрлийг нүдээрээ үзэж туулж байна” гэсэн НҮБ-ын тэргүүний хатуу анхааруулга бүхий үгээр COP28-ын эхний өдрийн хуралдаан эхэлсэн юм. Антонио Гутерриш хэлэхдээ "2023 он түүхэн дэх хамгийн халуун жил болох нь ерөнхийдөө тодорхой болоод байна гэсэн мэдээ дэлхийн удирдагчдыг цочоох ёстой" гэжээ.


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлээс учирсан хохирлыг даван туулахад нь ядуу буурай орнуудад туслах хөрөнгө мөнгийг босгох саналыг анх 1990-ээд оны үед дэвшүүлснээс хойш 30 жилийн дараа дээрх шийдвэрийг гаргасныг танхимд хуран цугласан төлөөлөгчид алга ташин хүлээн авлаа.


Баян чинээлэг орнуудын хувьд олон арван жилийн турш ийм сан байгуулах санааг эсэргүүцэж, нүүрстөрөгчийн нөхөн төлбөр”-өөс зайлсхийсээр ирсэн юм.


Пүрэв гарагт АНЭУ уг санд Германтай адил 100 сая доллар нэмэрлэхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын төлөөлөгчид Конгресстэй тохиролцож чадвал 17 сая доллар хандивлана гэдгээ мэдэгджээ. Их Британи улс тус санд 60 сая фунт стерлинг нэмэрлэхээ амласан байна.


Харин байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд дээрх шийдвэрийг "зөв чиглэлд хийсэн жижиг алхам" гэж дүгнэжээ.

Холбоотой мэдээ