“ТОГ-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нөлөөллийн аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-29 10:34:55

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх зорилгоор “Тог-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нийгмийн нөлөөллийн аяныг эхлүүллээ.


Аяны хүрээнд эрчим хүч хэрэглэгчид, ялангуяа айл өрхүүд эрчим хүчний үр ашигтай цахилгаан хэрэгсэл ашиглах, ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслээ салгах, унтраах, оргил ачааллын цагт өндөр зарцуулалттай цахилгаан зуух, бусад төхөөрөмжөө зэрэг ажиллуулахгүй байх зэрэг зүй зохистой хэрэглээнд нийт иргэдээ уриалж байна. Мөн олон нийтэд чиглэсэн мэдээллийн компанит аяныг хэрэгжүүлж, эрчим хүчний үр ашиг, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл, боломж, шийдлийг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх, өвлийн оргил ачааллын 17.00-22.00 цагт цахилгаан эрчим хүчнээ хэмнэхэд хувь нэмэр оруулах ажлыг үе шаттай зохион байгуулах юм.


Эрчим хүчний систем дараагийн эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах хүртэл чадлын дутагдалтай ажиллах, хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар тасралтгүй хангахад хүндрэл үүсэхээр байгаа нь салбарын тулгамдсан асуудал гэдгийг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай аяны зорилгыг олон нийтэд хүргэх уулзалтын үеэр онцлов. Тэрбээр, энэ хүндрэлийг давахын тулд нэн тэргүүнд эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээг бүх түвшинд хэмнэх, үр ашиг, хэмнэлтийг дэмжих урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгч, олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх боломжтойг хэлж байлаа.


Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийг дэмжиж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Стив Уинкейтс “Хамгийн цэвэр эрчим хүч бол “хэрэглээгүй” буюу хэмнэсэн эрчим хүч гэдэг. Олон тохиолдолд ойрын хугацаандаа үр дүнтэй шийдэл болж чаддаг. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас бусад оронд эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийг ойлгуулах олон сайхан санаачилгыг амжилттай дэмжиж ирсэн. “Тог-оо тохируулъя 17-22 цаг” аяныг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас дэмжиж байна" гэв.

 

Холбоотой мэдээ