“Өвлийн идэш” зохион байгуулахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-11-17 16:15:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй гарахаар байна. Энэ талаар ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлын үеэр мэдээллээ.


Тэрбээр эрсдэлийн зураглалаар 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол ердөө 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарч буйг хэллээ. “Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, түрүүчийн орсон цас хайлна. Гэвч энэ сарын 22-ноос эхлээд эрс хүйтрэх тул газрын өнгөн хэсэгт мөсөн бүрхүүл тогтсоноор илүү их эрсдэл дагуулах болно гэдгийг иргэд, малчид ойлгож, сэрэмжтэй байх нь чухал” хэмээн анхаарууллаа.


Ирэх 12 дугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Өвөлжилт хүндрэх төлөвтэй тул отор нүүдэл, мах бэлтгэлийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан салбарын яаманд даалгав.


Тэрбээр “Мал, мах бэлтгэлийн ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулахын тулд Биржийн үйл ажиллагааг бүсчилсэн маягаар орон нутагт явуулж, малчид иргэд мал махаа дундын дамжлагагүй, зах зээлийн үнээр худалдан борлуулах боломжоор хангах хэрэгтэй- гэв.

Мөн нийслэлд 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3 хүртэл “Өвлийн идэш” үйл ажиллагааг ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулах талаар мэдээлж, уг үйл ажиллагааны үеэр мал, мах бэлтгэл дээр эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангах тал дээр анхаарч, техникийн зохицуулалтаа дагаж мөрдөх нь нэн чухал байна хэмээн санууллаа.


Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай, өвс, тэжээлийн нөөц бэлтгэл, татан авалт 78 хувьтай байгаа аж. “Мал махны экспортын хувьд гүйцэтгэл сайн байгаа. Энэ жил манай улс 70 орчим мянган тонн мах экспортлох гэрээ хийснээс 66 мянган тонн нь гарсан. Нөөцийн мах бэлтгэлийг хуваарийн дагуу хийж байгаа"-г ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээллээ.

Холбоотой мэдээ