Дэлхийн арьс ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-17 15:20:06

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилтээр, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас үзүүлж буй техникийн туслалцааны дагуу арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд Дэлхийн арьс ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлнэ.


Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Булигаар” ХК, “Арилдий” ХХК нь 11 дүгээр сарын 20-24-нд стандартын аттестатчилалд орох юм. Аттестатчиллыг дүгнэхээр Дэлхийн арьс ширний группийн аудитор Ага Валкейвикз Монголд ирснийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монголын эрс тэс цаг агаарт дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйгаас бэлтгэж буй арьс ширний онцлог шинж, арьс ширний салбарын байдлыг танилцуулан, төрийн бодлого, үйлдвэрлэлийн олон улсын чиг хандлагын талаар ярилцав.


Дэлхийн стандартыг нэвтрүүлснээр Монгол Улсын боловсруулсан арьс шир, бэлэн бүтээгдэхүүн Европын холбооны улсуудад нэвтрэх үүд хаалга нээгдэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх арга зам болохыг ХХААХҮЯ мэдээллээ.


Стандартын аттестатчиллыг 17 бүлэг шалгуур үзүүлэлтээр тогтоох бөгөөд ХХААХҮЯ, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс ширний үйлдвэрүүд хамтран сүүлийн 2 жилд бэлтгэл ажлыг хангажээ. 

Холбоотой мэдээ