ОУАТ-ийн холбоо, ИНЕГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-09 15:14:54

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) болон Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд Нислэгийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Энэ нь Олон улсын агаарын тээврийн холбооноос боловсруулсан иж бүрэн аудитын хөтөлбөрийг ашиглах замаар нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт арга барилыг хөнгөвчлөх бөгөөд ОУАТХ болон ИНЕГ хоорондын ил тод мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих, зохицуулалтыг сайжруулах, олон улсын аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


Тус санамж бичиг нь оюуны өмчийг хамгаалах, хуваалцсан мэдээллийн нууцлалыг хангах, аюулгүй ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үйл явцыг дэмжихэд чухал ач холбогдол үзүүлэхийг хоёр тал онцоллоо.


Түүнчлэн хоёр талын үйл ажиллагааны уян хатан байдлыг хадгалах, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах бусад шинэ санаачилгад оролцох боломжийг олгож байна.

Холбоотой мэдээ