БНХАУ-д цэргийн томоохон парад боллоо

Дэлхийд | Улс төр
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:04:34

БЭЭЖИН. /NHK/. Дэлхийн II дайны дууссаны 70 жилийн ойн баярт зориулсан ёслолын арга хэмжээ Бээжин хотноо болж өнгөрлөө.

Арга хэмжээ 10:00 цагт /орон нутгийн цагаар/ эхэлж, ёслолын 70 буудлага хийв. Тяньаньмэний талбайд болсон энэ томоохон арга хэмжээнд 40 мянга гаруй хүн уригдан оролцсон байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэлсний дараа 12 мянга гаруй цэрэг эрс оролцсон парад явж, цэргийн шинэ зэвсэглэлүүдийг нийтэд анх удаа дэлгэн харуулав.

Гуч гаруй орны удирдагч нар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Түн болон бусад төлөөлөгчид арга хэмжээнд оролцсон боловч АНУ, Их Британи, Канадыг төлөөлсөн албаны хүмүүс байсангүй. Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ арга хэмжээнд оролцоогүй байна.

Энэ арга хэмжээ БНХАУ даяар бүтэн долоо хоног үргэлжлэх ажээ. Хятадуудын хэлдгээр “Японы түрэмгийллийг эсэргүүцэх БНХАУ-ын ард түмний дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайнд байгуулсан ялалтаа" БНХАУ тэмдэглэж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд