СҮХБААТАР: Соёл амралтын хүрээлэнгийн ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-25 09:04:11

Баруун-Урт 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. "Сүхбаатар" соёл амралтын хүрээлэнгийн ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна. Хашаа болон зам талбайн үндсэн ажлуудыг хийж, дуусах шатандаа оржээ. Энэ онд хүрээлэнгийн ажлын гүйцэтгэлийг 80 хувьд хүргэхээр зорьж буй.



Мөн мод тарих ажлыг үүнтэй зэрэгцэн хийж байна. Одоогийн байдлаар улиас, бургас, голт бор, шар хуайс, нарс, гацуур зэрэг 18 мянган мод суулгажээ. Тодруулбал, Баруун-Уртын голын эх дагуу 2000 бургас, "Цайрт минераль" компанийн хөрөнгө оруулалтаар 6000 улиас, гүйцэтгэгч компанийн зүгээс өнгөрсөн жил 4000, энэ онд 6000 орчим модыг суулгасан байна.


Улсын төсвийн 9,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг соёл амралтын хүрээлэн нь нийт 270 га газрыг хамрах бөгөөд 100 га-д бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнд 4,6 км хашаа, задгай театр, чийрэгжүүлэх, спортын талбайнууд, явган хүний болон 

дугуйн 2,6 км зам, ариун цэврийн байгууламж, усан оргилуур, сүүдрэвч зэрэг байх юм.

 

Дээрх ажлыг "Монгол зам групп" ХХК гүйцэтгэж байна.

 

Холбоотой мэдээ