СҮХБААТАР: Хунгийн баярыг аялал жуулчлалын томоохон эвент болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-25 09:17:43

Баруун-Урт 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ганга нуурын хөвөөнд энэ сарын 22-нд "Хунгийн баяр-2023" үйл ажиллагаа боллоо.Тус баярыг цаашид аялал жуулчлалын томоохон эвент болгохоор зорьж байгаа аж. 


Хунгийн чуулганыг үзэх гэж ирсэн олны хөл хөдөлгөөн урьд жилүүдээс өнөр байсныг зохион байгуулагчид онцоллоо. Ойролцоогоор 4000 хун, 1000 гаруй хүн баярт оролцжээ.




Дарьганга өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий тус баярт Дарьгангын хошууны бүх сум оролцож, зан үйлийн үзүүлбэр болон ардын авьяастнуудын тоглолтыг бүтэн өдрийн турш үзүүлсэн нь хурсан олныг уйдаасангүй. Мөн Дарьгангын үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн хүнс, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэж, богино хугацаанд худалдан борлуулж чадсан юм.


Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд энэхүү үйл ажиллагааг цаашид илүү өргөн хүрээнд зохион байгуулж, улсын хэмжээний эвент үйл ажиллагаа болгох боломжтой. Үүний тулд манай газар энэ жилээс зохион байгуулалтын хэсэгт орж, хамтран ажиллаж байна. Дарьганга бол Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Ялангуяа хунгийн чуулган гэх байгалийн энэхүү гайхамшигт үзэгдэл зөвхөн энд л жинхэнэ утгаараа болдог. Тэгэхээр үүнийгээ түшиглээд дотоодын төдийгүй гадаадын жуулчдыг татах, түүгээрээ орлого төвлөрүүлэх боломжтой гэж харж байгаа хэмээн аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Золхүү хэллээ.






Энэ намар Ганга нууранд 4000 гаруй хүн шувуу чууллаа. Цаг агаар тогтуун, дулаахан урт намар болж байгаа учир шувуудын нүүдэл буцах болоогүй, харин ч дахин тоо нь нэмэгдэх төлөвтэй байгааг нутгийн олон хэлж байв.

Хунгийн баярыг Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, орон нутгийн төсөвт байгууллагууд, аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, БОАЖГ, Асгат, Баяндэлгэр Дарьганга, Наран, Онгон, Халзан сумын соёлын төвүүд хамтран 3 дахь жилдээ зохион байгууллаа.








 

Холбоотой мэдээ