“Канвон-2024” Залуучуудын өвлийн олимп эхлэхэд 100 хоног үлдсэнийг зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-14 11:22:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Залуучуудын өвлийн олимпын IV наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгааг өчигдөр зарлажээ.


Тус наадам 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын Канвон хотноо болох бөгөөд нийт 1900 тамирчин спортын долоон төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм. 


Өвлийн олимпыг зохион байгуулах хорооноос наадам эхлэхэд 100 хоног үлдсэнийг албан ёсоор зарлаж, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж, K-pop дуучид, алдартай тамирчдыг урьсан байна. Тухайлбал, уран гулгалтын олимпын аварга, Канвон-2024 наадмын хүндэт элч Ким Юүна, тэшүүрийн олимпын хошой аварга И Сан Хва нар оролцож, Өвлийн олимпын бамбарын буухиаг эхлүүлжээ.  


Олимпын бамбар аравдугаар сарын 3-нд Грекийн Афин хотод асаж, БНСУ-д ирээд байгаа бөгөөд Олимпын нээлт хүртэл Өмнөд Солонгосын хотуудаар аялах юм.




Холбоотой мэдээ