БАЯН-ӨЛГИЙ: Ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-11 16:12:50

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг”-ийн гуравдугаар шатны үзлэг Баян-Өлгий аймагт болж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр нараар ахлуулсан ажлын баг энэ өдрүүдэд тус аймагт ажиллаж байгаа ба үзлэгийг Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас эхлүүлээд байна.


Тус шалгалтад Баян-Өлгий аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий нийт найман байгууллагын 700 гаруй алба хаагч хамрагдана.


Алба хаагчид дөрвөн хоногийн турш онолын мэдлэг, жагсаалын бэлтгэл, бие бялдрын бэлтгэлжилт, сэтгэл зүйн бэлтгэл, ёс зүйн байдал, биеийн жингийн зохистой харьцаа зэрэг үзүүлэлтээр шалгалт өгнө. 

Холбоотой мэдээ