БАЯНХОНГОР: Ойн зурваст нөхөн тарилт, цэнэг усалгааг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-10 16:22:09

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарбн 10 /МОНЦАМЭ/. Ойн зурваст аймгийн Хот тохижилтын газраас нөхөн тарилтаар 4000 ширхэг улиас модыг тарьж, намрын цэнэг усалгааг хийлээ.


Баянхонгор хот элсний нүүдлийг сааруулах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн хотын хойноос баруун хэсэг хүртэлх таван км зурваст зургаан төрлийн 20 гаруй мянган мод тарьсан байдаг. 2021 онд 13 мянган ширхэг 5 төрлийн мод тарьснаар ойн зурваст нийт 22 мянган модтой болж, 2022 онд ойн зурваст намрын мод тарилтаар 10 мянган ширхэг улиас мод тарьснаар аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, нийт 30 мянга гаруй модны арчилгаа тордолгоог хийж байна.


Тус зурвасыг Ойн анги хариуцдаг байсныг Хот тохижилтын газарт шилжүүлснээр 2021 оны гуравдугаар сараас эхлэн нуурын элсийг гаргах, ойн зурвасыг байнгын хараа хяналттай байлгах, хайс хамгаалалтыг сайжруулах, хур хог хаягдлыг цэвэрлэх, нөхөн тарилт хийх, усалгааны системүүдийг шаардлагатай газруудад шинээр тавих зэрэг ажлуудыг тогтмолжуулжээ.


Салхины хамгаалалт буюу  ойн зурвасыг 5-10 эгнээ мод тарьж бий болгодог бөгөөд салхин талд өндрийн шатлал бүхий ойн зурвас байгуулснаар салхины урсгалын хурдыг 15 м хүртэл зайд 80 гаруй хувиар бууруулах боломжтой байна. Тиймээс аймаг тойрсон ойн зурвасыг бүрэн моджуулж, мод бутыг бүрэн ургуулснаар цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, элсний нүүдлийг сааруулах, хүчтэй салхины сөрөг нөлөөллийг бууруулахад онцгой үүрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Холбоотой мэдээ