СЭЛЭНГЭ: “Welcome”, “Зөвлөгч сурагч” хөтөлбөрт Ерөө, Зүүнбүрэн сумын ЕБС-иуд тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-05 15:29:24

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС “Welcome” хөтөлбөрт, Зүүнбүрэн сумын ЕБС “Зөвлөгч сурагч” хөтөлбөрт тус тус тэнцжээ.


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг батлах тухай” 372 дугаар тогтоолын хүрээнд ахлах ангийн сурагчдад зориулсан англи хэлний нэг жилийн эрчимжүүлсэн “Welcome”, “Зөвлөгч сурагч” хөтөлбөр 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа эхлүүллээ.

 

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нийслэл, аймаг, сумдын нийт 100 орчим сургууль Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Гадаад хэлний төвд материалаа ирүүлсэн байна.

 

Өрсөлдөөнтэй явагдсан сонгон шалгаруулалтын үр дүнд 17 сургууль “Welcome”, 15 сургууль “Зөвлөгч сурагч” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тус тус шалгарчээ.   

 

Тус хөтөлбөр нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хэрэгжих бөгөөд Welcome хөтөлбөрт ахлах ангийн 420 гаруй, Зөвлөгч сурагч хөтөлбөрт 300 гаруй суралцагч англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдах аж.

 

Хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудын багш нартай гадаад хэлний төв цахим уулзалт хийж, хичээл сургалтын үйл ажиллагааны явц, цаашид хэрэгжүүлэх ажилд чиглүүлэг өгч удирдлагаар ханган хамтран ажиллаж байгаа ажээ.  

 

Дээрх хөтөлбөр нь төрийн өмчийн ЕБС-иудад түшиглэн хэрэгжих бөгөөд хүсэлт ирүүлсэн сургуулиудаас сонгон шалгаруулалтын журмаар авдаг байна.

Холбоотой мэдээ