СЭЛЭНГЭ: "Хос бичигтэн болж-Зөв найруулж, бичиж сурцгаая" аяныг IV цэцэрлэгийн хамт олон манлайлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хэл соёлоо эрхэмлэн дээдэлж,
түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийтийн номын сангаас "Хос
бичигтэн болж-Зөв найруулж, бичиж сурцгаая" аяныг зохион байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар
зарлиг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, аймаг,
сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг
хангах ажлын хүрээнд 14 хоногийн хугацаатай энэхүү аяныг
зохион байгуулж дүнгээ гаргасан байна.
Тус аянд Мандал сумын
хэмжээний төр, төсвийн 24 байгууллага оролцсоноос тэргүүн
байрт IV цэцэрлэг, дэд байрт Нэгдсэн эмнэлэг,
гутгаар байрт EБ-ын I сургууль шалгарчээ.
Аяны хүрээнд байгууллага бүр
тодорхой хэмжээний ажлыг зохион байгуулсан байна.
Тухайлбал зарим байгууллага аяны
хүрээнд Үндэсний бичгээ хэр сайн мэдэх вэ? оношилгоо судалгаа явуулж, үсгээ огт
мэдэхгүй байгаа хүмүүст үндэсний бичгийн зурлага, үсгийг таниулах төлөвлөгөө
боловсруулан эхний хагас жилд сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Аяны тэргүүн байрт шалгарсан 4
дүгээр цэцэрлэг нийт 10 багштай. Эдгээрийн 5 нь монгол бичгээрээ түгдрэлгүй
уншиж, бичиж чаддаг бол 5 нь суралцаж байгаа аж.
Тус хамт олон монгол бичигтэн
болох зарлиг гарснаас хойш үүнийг ажил болгож, эрхлэгчийн
тушаалаар баталгаажуулан тогтмол үр дүнтэй явсан нь энэ амжилтыг авч иржээ.
Өнөөдөр эднийх 100 хувь төгс суралцаагүй ч гэсэн суралцсаар
байгаа аж. Байгууллагын хувийн хэрэг, тамга тэмдэг, хаяг зэргээ монгол бичиг болгосон
байна.
Тус цэцэрлэг нь 100 хүүхдийн
хүчин чадалтай бөгөөд одоогоор 98 хүүхэд бүртгэлтэй байгаа аж.