АРХАНГАЙ: “Багахангай” ХХК га-гаас 17-18 центнер ургац хураан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-03 16:16:20

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 03 /МОНЦАМЭ/. "Багахангай" ХХК нь Төвшрүүлэх суманд газар тариалангийн аж ахуй эрхэлдэг 2016, 2021 оны улсын тэргүүний тариаланч хамт олон юм. Эднийх нийт 1800 орчим эргэлтийн талбайтайгаас энэ жил 1100 га-д тариалалт хийжээ.


Энэ зун бороо хуртай сайхан байсан ч дулаан өдрийн тоо цөөн, 9 дүгээр сар гараад бороо орсон учраас тариа хураалтын ажил сунжирсан байна. Энэ сарын эхний өдрүүд хур тунадасгүй дулаан учраас Багахангай компанийн ажилтнууд тариа хураалтын ажилдаа идэвхийлэн орж, тариан талбайн 10 хувийг хураагаад байна. Тэд га-гаас 17-18 цт-ийг хураан авч байгаа нь өмнөх жилүүдээс илүү байгаа ажээ.



Техникийн шинэчлэлтийг сайн хийж байгаа учраас тариа хураах хугацаа нэг сар үргэлжилдэг байсан бол одоо 10 хоногт л хурааж дуусгах аж.


Тус компанийхан энэ жил талбайн захдаа өргөн нь 12, урт нь 100 метр бүхий үтрэмийн талбайг байгуулжээ. Энэ талбайн дэргэд 300 тн үр будаа хадгалах сав барихаар төлөвлөж, суурийг цутгасан байна.


Мөн “Багахангай” ХХК нь олон жил тариалалт хийж буй 1800 орчим га талбайн хөрсийг хамгаалах, шим тэжээлт байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хөрсний шимт байдал алдагдах нь буудайны ургац, будааны цавуулаг байдалд сөргөөр нөлөөлдөг байна. 

Холбоотой мэдээ