ДАРХАН-УУЛ: Олон улсын моно жүжгийн уралдаан таван өдөр үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-02 14:38:04

Дархан, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын Моно жүжгийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” (The parade of winners) нэг хүний жүжгийн олон улсын уралдааныг ес дэх жилдээ Дархан хотын Залуучууд театрт есдүгээр сарын 24-29-ний өдөр зохион байгууллаа. 



Уг уралдаан 2019 онд Монголын моно төвөөс жил бүр зохион байгуулдаг нэг хүний жүжгийн олон улсын наадмын "Үндэсний ялагч"-аар шалгарсан МУСТА М.Цогтын найруулга, Залуучууд театрын жүжигчин МУСТА Ч.Дунгаамаа "Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь" жүжгээр эхэлсэн аж.


Монголын Моно жүжгийн төв, Залуучууд театр, МҮОНРТ, аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулсан ажээ.


Уралдааны шүүгчээр ЮНЕСКО-гийн дэргэдэх олон улсын театр урлагийн институтийн моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч Нина Мазур, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын ерөнхий найруулагч М.Цогт, Косова дахь Ае Ти Ая-ийн ерөнхийлөгч, нэг хүний хүний жүжгийн олон улсын моноакт фестивалийн захирал Метор Зумбераж, Монголын МҮОНРТ-ийн Уран сайхны удирдаач, найруулагч, МУСТА Б.Ханьсаг нар ажиллажээ.


Испани, Израйл, Эстони, Монтенегро, Якут, Монгол улсын 10 жүжигчин ур чадвараараа өрсөлдсөн уралдааны шилдгүүдээр:

Шилдэг эмэгтэй жүжигчнээр Якут улсын жүжигчин София Баронова “Манкуртын ээж”

Шилдэг эрэгтэй жүжигчнээр Эстони улсын жүжигчин Кристо Вийдинг “Оргодол”

Шилдэг найруулгатай жүжгийн эзнээр Өмнөговь аймгийн жүжигчин Б. Ариунтуяа “Гэртээ харина”


Гранпри шагналыг Монтенегро улсын жүжигчин Слобадол Марунович “Крсто Зриновын наминчлал” жүжгээр тус тус хүртлээ.


Монголд Моно жүжгийг хөгжүүлэх, дэлхийн тавцанд гаргахад Монголын Моно жүжгийн төвийн тэргүүн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУГЖ Ц.Баясгалан ихээхэн хувь нэмэр оруулсныг мэргэжил нэгт нөхөд нь бахдан сайшааж байлаа.


Түүнчлэн ганц хүн тайзан дээр цаг орчим үзэгчдийг эзэмдэж, тоглоно гэдэг тухайн жүжигчнээс маш их ур чадварыг шаарддаг. Уг наадмаар дамжуулан чадварлаг жүжигчдийг илүү таниулах, залуу жүжигчид суралцах, туршлага судлах боломж нээгддэг аж. Аливаа орны жүжигчин тухайн жүжгийн тоглолтоороо улсынхаа түүх, амьдралын хэв маяг, соёлыг харуулж байдаг. Үзэгчид жүжгээр дамжуулан тухайн улс орын түүх, соёл, амьдралын хэв маягтай танилцах боломжтой ажээ.

Мөн уг уралдааны орчуулагчаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбарын багш, оюутнууд ажилласан аж.

Моно жүжгийг Монголын үндэсний олон нийтийн телевиз 12 дугаар сард улс, орон даяар цуврал нэвтрүүлэг болгон хүргэх ажээ.

Холбоотой мэдээ