“Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-29 16:35:50

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Нэрт соён гэгээрүүлэгч, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг Чингис хаан үндэсний музейд нээлээ.



Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд, Соёлын Яам, Чингис хаан үндэсний музей, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Говийн ноён хутагтын музей хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.  



Үзэсгэлэнд Говийн ноён хутагтын музейн 130 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэжээ. Тодруулбал, “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, таалал төгссөн хуврагийн гавлын ясаар бүтээсэн Есөн эрдэнийн шигтгээтэй гавал эрхи, мөнгөөр доторлосон гавал аяга, Түмэн мэсний бурхан Ловон Бадамжунай зэрэг хосгүй үнэт дурсгалыг олон нийтэл дэлгэн үзүүлж байна.





Данзанравжаа музейн захирал, тахилч А.Алтан-Очир ярихдаа, “1991 оноос хойш дөрөв дэх удаа үзэсгэлэн гаргаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг хүүхэд залууст чиглэсэн, орчин үеийн технологи ашиглан, үзмэрээ дэлгэж байгаагаараа онцлогтой.  Мөн хөдөө орон нутагт байдаг тусгай үзмэрүүдийг Улаанбаатар хотын залуус, шинэ цагийн хүмүүст дэлгэж үзүүлэхыг зорилоо. Д.Данзанравжаа хутагтын мэндэлсний 220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тушаал гарсан тул хөтөлбөрийн дагуу хийж буй ажлын нэг юм” гэлээ.




Үзэсгэлэн 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

                                                                                                                                                                                     Р.Цэцэгбаяр

Холбоотой мэдээ