Испанийн агуйгаас Европын хамгийн эртний гутал олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-29 16:20:12

MАДРИД, 2023 оны есдүгээр сарын 29 /ВВС/. Испанийн агуйгаас олдсон өвсөөр нэхсэн хос шаахай бол Европын хамгийн эртний гутал бөгөөд түүнийг 6000 орчим жилийн өмнө хийсэн гэж эрдэмтэд дүгнэжээ.


Тодруулбал, XIX зуунд тус агуйгаас уурхайчдын олсон шаахай, сагс, багаж хэрэгслүүд зэрэг эртний эд зүйлсийг эрдэмтэд дахин нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийсэн байна. Агуйн чийг багатай агаар, сэрүүн салхины ачаар дээрх эд өлгийн зүйлс маш сайн хадгалагдан үлджээ.


Энэ хос шаахайг хийсэн материал нь өмнөд Европт өнөөг хүртэл мэдэгдэж байгаа хамгийн эртний,  хамгийн сайн хадгалагдсан ургамлын мяндас юм" гэж судалгааны багийн эрдэмтэн Мария Херреро Отал хэлсэн байна. "Түүхий эдийг боловсруулах олон янзын технологи нь эртний хүмүүсийн ур чадварыг илтгэн харуулж байна" гэж тэрбээр нэмж хэлэв.


Судалгааны шинэ аргыг хэрэглэснээр агуйгаас олдсон 76 ширхэг эд өлгийн зүйлсийн "насыг" өмнө нь тооцоолж байснаас 2000 орчим жилээр уртасгалаа. Түүнчлэн зарим эд өлгийн зүйлс 9000 жилийн настай болохыг тогтоосон байна.


Дээрх хос шаахайг хийхдээ олон төрлийн өвс ургамлаас гадна арьс шир, шохойн чулуу зэрэг бусад материалыг ашигласныг судлаачид тогтоожээ. Энэ хос шаахай нь 2008 онд Арменийн агуйгаас олдсон 5500 жилийн настай савхин гуталнаас ч илүү эртнийх  буюу Шинэ чулуун зэвсгийн үед хамаарна.


Испанийн баруун өмнөд хэсэгт орших Андалузи мужийн “Cueva de los Murciélagos” буюу “Сарьсан багваахайн агуй” гэдэг нэртэй дээрх агуйд анх 1831 онд нэгэн газрын эзэн хүн бордоо хийхийн тулд сарьсан багваахайн ялгадсыг цуглуулахаар орж байжээ.


20 орчим жилийн дараа уурхайчид агуйд олборлолт хийж байхдаа нэгэн хонгилоос хагас занданшуулсан цогцос, сагс, модон багаж хэрэгсэл, зэрлэг гахайн шүд, өвөрмөц хийцтэй жижиг алтан титэм зэргийг олсон байна.

 

  

 


 


Холбоотой мэдээ