ӨМНӨГОВЬ: Заг модонд цагаан гоёог үрслүүлэн тарих нь эдийн засгийн өгөөж ихтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-26 11:31:20

Даланзадгад /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас “Осика Монголиа” ТББ-тай хамтран газар тариалан эрхэлдэг иргэдэд онолын сургалтыг зохион байгууллаа.

 

Тус сургалтад Даланзадгад сумын 50 гаруй иргэн хамрагдсан бөгөөд “Заг үржүүлэг болон заган дээр цагаан гоёо тариалах” нь сэдвийн хүрээнд ӨМӨЗО-ы Альшаа цөлийн судалгааны төвийн захирал Тогаши Соташи удирдан зохион явууллаа.


“Говийн шидэт ургамал” хэмээн нэрлэдэг гоёо нь улаан, цагаан гэсэн хоёр төрөл ургадаг. Цагаан гоёог “цөлийн аргамжин цэцэг” гэх бөгөөд говийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад ихээхэн үүрэгтэй.


Цагаан гоёо нь заг мод байгаа газарт ургадаг бөгөөд нэг дор ихэвчлэн 2-4 ширхгээр ургадаг ба зарим тохиолдолд арав гаруй гоёо ургасан байх нь таардаг.

 

Эмчилгээний өндөр чанартай, ховордож буй тул түүж бэлтгэхийг хориглон улаан номд бүртгэжээ. Энэхүү ургамал нь цусны даралт ихдэх, чихрийн шижин, мэдрэлийн хэрлэг өвчин, толгой өвдөх, дүүрэх, үе мөч өвдөх, элэг бөөрний үрэвсэл, давсагны хүүдийн ханын үрэвслийг анагаах, өтгөн хатах, ходоод цанхайх, өвдөг, бөөр, нуруу шархиран өвдөх өвчнийг засах зорилгоор ардын эмнэлэгт ашиглаж ирсэн бөгөөд цус төлжүүлэх онцгой чадвартай учир говийнхон залуужуулах шидтэй хэмээн ярьдаг байна.

 


Ийнхүү цагаан гоёо нь эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой төдийгүй байгаль экологид онцгой сайн нөлөөтэй. Загийн үндсэнд цагаан гоёог үржүүлж ургуулахад ус, чийгийг ихээр татаж үр шим нь бие биенээ нөхдөг тул говийн хөрсөнд тариалахад нэн тохиромжтойг мэргэжилтнүүд сургалтын үеэр онцоллоо.

 


Цагаан гоёог тарьж ургуулснаар цөлжилтийн эсрэг экологийн тэнцвэрт байдлыг хангах цаашлаад худалдаанд гаргахад орон нутгийн иргэдийн өрхийн орлого нэмэгдэж эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт оруулах боломж байгааг ӨМӨЗО-ы Альшаа цөлийн судалгааны төвийн захирал Тогаши Соташи хэлсэн юм. Цагаан гоёог бусад улс орнуудад тарьж ургуулдаг боловч Монголын говийн хөрсөнд ургуулсан цагаан гоёо эмийн агууламжаараа хамгийн өндөр байдаг нь тогтоогджээ.


Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас цагаан гоёог тариалах арга зүйн чиглэлээр ӨМӨЗО-ы Альшаа аймагт очиж туршлага судлах иргэдийг дэмжин ажиллах юм. 


Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд:

-Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн хөгжлийг дагаад эдийн засаг сайн байгаа хэдий ч уул уурхай бол шавхагддаг баялаг. Тиймээс бид газар тариалан ногоон хөгжлөө зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай. Бид газар тариалангаа түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. 

Заган дээр цагаан гоёог тариалах энэхүү ажил ӨМӨЗО-ы Альшаа аймагт амжилттай туршигдаж үр дүн гарсан өгөөжтэй төсөл юм. Тухайлбал орон нутгийн иргэд, малчид заган дээр цагаан гоёог амжилттай тариалж чадвал үүнийгээ зах зээлд нийлүүлж цаашлаад гадагш нь экспортолж худалдаанд гаргавал тэдний өрхийн орлого эрс нэмэгдэх боломжтой. Мөн иргэдийн өрхийн орлого нэмэгдэхээс гадна байгаль орчиндоо ээлтэй экологийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөртэй уялдаад иргэд заг модыг ихээр тариалах олон давуу талтай. Энэ удаагийн сургалтад иргэд их ач холбогдол өгч оролцож байна. Бид заган дээр цагаан гоёо тариалах энэхүү төслийг цааш эрчимжүүлэх, санхүүжүүлэх, Япон улсын "Осико Монголиа" төрийн бус байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж байна.

 

ӨМӨЗО-ы Альшаа цөлийн судалгааны төвийн захирал Тогаши Соташи:

-Өмнийн говь нутгийг үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгийг мэднэ. Харин заг мод нь тэрхүү үлэг гүрвэл амьдарч байх үед байсан хамгийн анхны уугуул мод байж ч мэднэ гэж боддог. Энэ заг мод өөрөө говь нутагт хамгийн үнэ цэнтэй ургамал юм. Мөн заг модноос гадна цагаан гоёо бол хүний эрүүл мэндэд маш их хэрэгтэй бас нэг чухал ургамал.

Түүхийг сөхөж харахад, Япон улсын эзэн хаан цагаан гоёоны бэлдмэлийг ууж байсан гэсэн түүх байдаг. Тэгэхээр бэлдмэлийг Монголоос аваачиж байсан ч байж болох юм шиг санагддаг. 

Нутгийн иргэд цагаан гоёог ихээр тариалснаар маш их эдийн засгийн өгөөжийг хүртэх боломжтой. Энэхүү ургамал бусад олон улсад ургадаг, тэр байтугай Япон улсад ч ургадаг. Гэвч Монголын говьд ургаж байгаа цагаан гоёо нь үр шим ихтэйгээрээ хавь илүү байдаг гэдгийг судалгааны явцад олж мэдсэн.

 

Даланзадгад сумын дөрөвдүгээр багийн иргэн И.Буяндулам:

Би 2014 оноос эхлэн Монгол, Солонгосын хамтарсан ногоон хэрэм төслийн заг үржүүлгийн талбайд дөрвөн жил ажиллаад аймагтаа ирээд туршлагадаа үндэслэн хувиараа заг тариалж эхэлсэн. Одоогоор 5000 гаруй заг тарьсан. Заг мод бол цөлжилтийг зогсоох, ус чийгийг татдаг ач холбогдол өндөртэй мод. Ер нь бол говийн хөрсөнд хамгийн сайн зохицдог. Тиймээс бид заг модыг их хэмжээгээр бүх нийтээрээ тариалах хэрэгтэй. Би нэг зүйлд их гайхдаг. Заг тариалахаар Хангайн хүмүүс холбогдоод асуугаад байдаг. Гэтэл говиос ерөөсөө холбогддоггүй. Говийнхон бид өөрсдөө загийнхаа үндсэн чанар, үр өгөөжийг ойлгоод хүн бүр л загаа тарьдаг байгаасай гэж хүсэж байна. 

Холбоотой мэдээ