Хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар, Тяньжин хот хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын форум боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Д.Сумъяабазар форумыг нээж, “Тяньжин
бол Монгол Улсад хамгийн ойр орших далайд гарцтай хот учир манай улсын экспорт, импортын дийлэнх
ачаа тээвэр Тяньжин боомтоор дамждаг.
Энэ утгаараа Улаанбаатар,
Тяньжин хот нь олон улсын ачаа тээвэр, худалдаа, технологи, боловсрол, соёл
зэрэг хамтран ажиллах боломжтой. Форумаар
талууд хооронд байгуулах гэрээ, санамж бичгүүд Улаанбаатар хотын өмнө
тулгамдаад буй нийгэм, эдийн засгийн олон асуудлын шийдлийг хөгжүүлж, улс орны
хөгжилд хувь нэмэр оруулна. Цаашид
Улаанбаатар, Тяньжин хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд
нэгэн шинэ хуудсыг нээж, шинэ утга, агуулгаар өргөжин бэхжинэ” хэмээв.
Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн “Улаанбаатар, Тяньжин нь ах дүү хотын харилцаа тогтоосноос хойш зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарт хамтран ажиллаж байна. Хойд бүсийн эдийн засгийг өргөжүүлэн, боловсруулах аж үйлдвэрлэлийг өндөр түвшинд хүргэх, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах, боомтын бүс нутгийн болон эдийн засгийн харилцааг өргөжүүлэх 10 зүйл бүхий хөтөлбөр хэрэгжүүлснээр хоёр хотын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, шинэ шатанд гаргана” гэв.
Форумд Тяньжин хотын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын “Бэйшин Лү чяо” корпорац, Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар танилцууллаа. Мөн энэ үеэр хоёр хотын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тодруулбал, Тяньжин хотын Эко хот төслийн Удирдах хороо, Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газартай санамж бичиг байгуулав. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсэд ухаалаг, эко хот байгуулах чиглэлээр Тяньжин хотын сайн туршлагыг судлах, санал солилцох, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх юм.