Д.Номин: "Хайрцгаасаа" гарахыг хүссэн учраас Куба Улсыг сонгон суралцсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-18 13:38:33

Хавана /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Куба Улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл Сьенфуэгос мужийн анагаах ухааны их сургуульд зургаан жил суралцаж буй Дашдондовын Номинтой ярилцлаа.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг Дашдондовын Номин гэдэг. Бүгд Найрамдах Куба Улсад хүний их эмч мэргэжлээр сурдаг. Одоо төгсөх дамжааны оюутан. 


-Яагаад Куба Улсыг сонгон суралцах болов? 

-Би Хосе Мартийн нэрэмжит 52 дугаар сургуулийг төгссөн. Багаасаа эмч болно гэж боддог байсан. Манай сургууль жил бүр нэг хүүхдийг Куба Улсад анагаах ухааны чиглэлээр тэтгэлгээр сургадаг гэдгийг төгсөх ангидаа олж сонссон. Ялангуяа ангийн багш Ж.Тунгалаг маань анх санал болгосон удаатай. Тэр үеэс ээжтэйгээ хамтдаа судалгаа хийж эхэлсэн дээ. Анагаах ухааны салбар нь дэлхийн хэмжээнд сайн үнэлэгддэг, ядуу буурай орнуудад эмч нараа илгээдэг, социалист нийгэмтэй, албан ёсны хэл нь испани зэрэг нь энэ улсыг сонгох шалтгаан болсон. Нэг үгээр бол "хайрцгаасаа" гарахыг хүссэн. 


-Хаванагийн тухай анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Бүх юмнууд нь гайхширалд оруулсан. Кубад анх 2017 оны наймдугаар сарын 27-нд газардаж байлаа. Онгоцны буудлаас анх гарч ирээд цаг агаараас нь эхлээд гайхшируулсан. Их халуун, чийглэг, яг л саун шиг санагдсан. Монголд өөрийгөө хөлөрдгийг ч мэддэггүй явсан байна лээ. Буугаад л шууд хөлс урссан. Хотын барилга байгууламж, машин тэрэг, дэлгүүр гээд бүгд л аав, ээжийн ярьдаг түүхүүд, нөгөө 70-80-аад оны кино шиг зүйл нүдэнд туссан. 


-Танай сургуульд хэдэн орны оюутан суралцдаг вэ? Сурах орчин хэр хангагдсан бэ? 

-Манай сургуульд одоогоор 14 орны оюутан суралцдаг. Анги танхим хангалттайн дээр сургуулийн хүрээ эмнэлгүүдтэй ойрхон байдаг. Куба Улс эдийн засгийн асуудлаасаа болоод хангамжийн тал дээр зарим дутагдалтай тал ажиглагдах нь бий.


-Кубачууд их эелдэг хүмүүс шиг байна. Багш нар чинь та нарыг ойлгож дэмжих тал дээр хэр вэ?

-Их эелдэг, энгийн хүмүүс байдаг. Сургууль болон эмнэлэг дээрээ дуртай үедээ очиж, багш нараасаа асуух юмаа асууж, хийх хүсэлтэй юм байвал хийж болдог. Их нээлттэй хүлээж авдаг.


-Кубад сурахын давуу тал юу вэ? Бусад оронд байдаггүй зүйл нь? 

-Багш нар маань эмч-өвчтөний харилцааны тал дээр маш сайн анхаараарай гэж сургадаг. Өвчнийг нь эдгээхээс илүү урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдэг. Тэгэхээр эмч хүн өвчтөнөө сайн таньж мэдсэнээр тэр хүнийг өвчлүүлж болох хүчин зүйлсийг багасгах юм уу эсвэл эрсдэлийг арилгаж болно гэж сургадаг. Тэгэхээр бусад оронд орхигдоод байгаа эмч-өвчтөний хоорондын нягт харилцаа бол Кубын нэг давуу тал байх. 


-Дотуур байранд амьдардаг уу, эсвэл өрөө түрээсэлдэг үү?

-Дотуур байранд амьдардаг. 


-Та нар энд цөөхүүлээ амьдардаг юм байна. Монголынхоо баярыг тэмдэглэдэг үү?

-Кубад одоогоор 11 оюутан сурдаг. Цөөхүүлээ болохоор Монголынхоо баярыг хамт тэмдэглэхийг хичээдэг. Шинэ жилээр оюутнуудаараа, цагаан сар, зун наадмаар Монгол руу яваагүй оюутнууд Элчин сайдын яаман дээрээ тэмдэглэдэг.


-Элчин сайдын яамныхантайгаа сүрхий холбоотой байдаг байх нь ээ?

-Байнга холбоотой байдаг. Асуудал гарвал яамныхандаа ханддаг. 


-Гэрийнхэнтэйгээ хэрхэн холбогддог вэ? Интернэтийн үйлчилгээ ямар үнэтэй вэ

-Гэрийнхэнтэйгээ өдөр бүр холбогддог. Нэг үеэ бодвол интернэт үйлчилгээ их нээлттэй болсон. Миний өмнөх оюутнуудын үед гар утасны дата гэж байхгүй, зөвхөн тодорхой хэдэн газарт л WIFI байдаг байсан. Нэг цагийн картны үнэ нь 10 хөрвөдөг песо байсан. Намайг анх Кубад ирэхэд 1 цагийн үнэ 2.5 хөрвөдөг песо байсан. Дата байгаагүй. Тэр үед гэрийнхэнтэйгээ долоо хоногт 1 удаа ярина. Тэгээд 2018 оноос мобайл дата буюу 3G дата орж ирээд хэрэглэх болсон. Тухайн үед 1GB дата 10 хөрвөдөг песо байлаа. Одоо бол сошиал тал дээр харьцангуй амар болсон. Үнэ нь ч боломжийн болсон.


-Өөрт тохиолдсон хөгжилтэй түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

-Зөндөө зөндөө. Соёлын ялгаанаас хамааралтай нэг хөгжилтэй түүх санаанд орж байна. Ерөнхийдөө куба хүмүүс их найрсаг, сэтгэл хөдлөл өндөртэй, хоёр хүн мэндлэхдээ хацраараа хүрэлцэх юм уу үнсдэг. Түүнд дасах гэж их удсан. Анх тэр соёлыг нь мэдэхгүйгээсээ болж, сургуульд ажилладаг ганц таньдаг ахыгаа "Үнсдэг ах" гээд бодчихоод дөлж зугтдаг байсан даа. 


-Цаашид өмнөө ямар зорилт тавьж байна вэ? 

-Гэрээсээ хол, олон жил гадаадад суралцсаны хэргээ гаргах хүсэлтэй байгаа. Би ирэх оны долоодугаар сард сургуулиа төгсөнө. Одоогийн байгаагаасаа хангалттай сайн болох, нарийн мэргэжлээр сурахдаа бэлдэх л байна даа. Ээж маань үргэлж хүн эрүүл байхад бүх юм болно шүү хэмээн байнга захидаг. Би ч багадаа их өвддөг байсан болохоор бусад хүмүүсийг ганц олдох амьдралдаа өвчин зовлонгүй амьдраасай гэж боддог. Түүнд нь өөрийн хувь нэмрийг оруулах их хүсэлтэй. 

Гэрэл зургийг хувийн архиваас ашиглав.

Холбоотой мэдээ