Гурван асуудалд анхаарлаа хандуулж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-17 19:58:53

Дорноговь аймгийн боловсролын салбарынхан 2016-2017 оны хичээлийн жилд гурван гол асуудалд анхаарлаа хандуулж ажиллахаар болжээ.

Боловсролын салбарт ахиц гаргахаар дэвшүүлсэн дээрх зорилтууд нь БСШУСЯ-наас улс орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогын чиглэлийн ажлуудтай уялдаж байгаа аж.

Нэгдүгээрт стандартад суурилсан боловсролын тогтолцоог бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл сургалтынхаа үр дүнд дүн шинжилгээ  хийх  гэнэ.

Тэр тусмаа монгол хэл бичгийн хичээлийн сургалтын хэрэгжилтэд үнэлгээ хийж цаашид сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх.

Хоёрдугаарт  тухайн сургууль хүн хөгжлийн төв байх ёстой гэж үзэж хүүхдэд амьдрах ухааны чадварыг суулгах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ажил мэргэжлээ сонгоход нь туслах, сургуулиа сонгох, элсэн суралцах бэлтгэл ажлыг хангах талаар  ажиллах.

Гуравдугаарт  эрүүл аюулгүй, ээлтэй орчныг  бүрдүүлэх явдал гэж томъёолжээ. Ялангуяа сургуулийн хүүхэд, залуучуудыг  осол эндэлгүй, аюулгүй амьдрах чадвартай болгох, аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулдаг болох аж.

Дээрх гурван зорилтын дагуу ажлаа чиглүүлж ажиллах бөгөөд хүүхдүүдийг гэм хэрэгт орохоос урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэг болгон гэрэлтүүлэгтэй болох, камер, гэрлэн дохио суурилуулах, авто машины хурд сааруулагчтай болох зэрэг гадаад дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллах юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ