БАЯНХОНГОР: Далд усны цэгийн судалгааг гаргаж, байршлыг газрын зурагт тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-07 15:38:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн нутаг дэвсгэрт ажиллагаатай болон ажиллагаагүй, засварлах шаардлагатай галын далд усны цэг /гидрант/-ийн судалгааг гаргаж хэвийн ажиллагааг хангахаар ажиллаж байна.

Тодруулбал, Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах гал унтраах автомашиныг усаар тасралтгүй хангах зориулалттай галын далд усны цэг буюу гидрант, гүний худгийн бэлтгэл, бэлэн байдалд аймгийн Онцгой байдлын газраас хяналт шалгалт зохион байгуулжээ.

Тус хяналт шалгалт гидрант, гүний худгийн судалгаа, ажиллагааны бэлэн байдлыг хангуулан 50 метрт байрлах аж ахуй нэгж, байгууллагад хариуцуулан, гал түймрийн нөхцөл байдал хүндэрч, усан хангамжийн дутагдалтай үед гал унтраах автомашинд гал унтраах бодисыг тасралтгүй өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Үйл ажиллагааны хүрээнд 32 гидрант шалгаснаас хэвийн ажиллагаатай 21, ажиллагаагүй долоо, шугам хоолой задарсан засварлах шаардлагатай дөрвөн гидрантыг тогтоож, байршлыг “What3words” программ ашиглан 3 үгт хаягаар газрын зурагт оруулж, гидрант тус бүрт хувийн хэрэг хөтөлсөн байна.

Далд усны цэгийн нэгдсэн судалгааг гарган, хаягжуулж, байнгын хэвийн ажиллагааг хангуулах нь гарсан гал түймрийг унтраахад бэлтгэл, бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой аж.

Цаашид гидрант, гүний худгийн судалгаа, ажиллагааны бэлэн байдлыг хангуулан холбогдох хуулийн этгээдэд Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн "Заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ" авч ажиллахөөр төлөвлөжээ.



Холбоотой мэдээ