УИХ-ын даргыг Бүгд Найрамдах Киргиз Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-01 17:24:31
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.01) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Айбек Артыкбаевыг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажлаа эхлүүлсэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Тусгаар тогтнолын өдрийн /1991.08.31/ баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Тэрбээр хэлэхдээ, манай хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтой бөгөөд үүнд арвин их туршлагатай, мэргэжлийн дипломатч хүн ажиллах гэж байгаад талархалтай байна. Өнгөрсөн 2022 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон. Энэ оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах талаар хэд хэдэн асуудал яригдсан. Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, улс төрийн харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Иймд Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана гэж Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр илэрхийлэв.


Элчин сайд Айбек Артыкбаев Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон. Айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд түрүүчээсээ ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсад ажиллах хугацаанд манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Дээд зөвлөл (парламент)-ийн даргын мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Их Хурлын даргыг Бүгд Найрамдах Киргиз Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг нотлов.


Талууд хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо харилцан нийлүүлэх, мөн соёл, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Холбоотой мэдээ