Нийт 7 мянган га талбайг усалгаатай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-29 10:12:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, АХБ-ны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж байна. 


Төслийн хүрээнд 8 аймгийн 18 сумын орон нутгийн өмчийн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 4 услалтын системийг шинэчлэн сайжруулснаар нийт 7 мянган га талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулах юм. 


Одоогоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг 7 аймгийн 10 суманд нийт 3031 га талбайг услах хүчин чадалтай услалтын систем барьж байгуулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ онд багтаан эхний ээлжийн 2-3 услалтын системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөснийг ХХААХҮЯ мэдээллээ.


Инженерийн хийцтэй услалтын системүүд байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилд дунджаар 8 мянга гаруй тонн хүнсний ногоо, 90 мянга гаруй тонн малын тэжээл үйлдвэрлэж, тэр хэрээр өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Төслийн дүнд усалгаатай тариалангийн хэмжээг одоогийн түвшнээс 10-12 хувиар нэмснээр уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, дулаарлын нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, хүнсний тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулах аж. 

Холбоотой мэдээ