ГОВЬ-АЛТАЙ: "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023" өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-08-24 17:34:01

Есөнбулаг /МОНЦАМЭ/. 2017 оноос хойш улсын хэмжээнд хэрэгжиж буй "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023" 16 дахь буюу Говь-Алтай аймагт энэ өдрүүдэд өрнөж байна.


Иргэд, олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургаснаар хүн амын өвчлөл, нас баралтын тоог бууруулах боломжтой гэж үздэг. Иймээс хувь хүн бүр эрүүл мэнддээ хяналт тавих боломжтойг иргэд олон нийтэд ойлгуулж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран улүамжлал болгон хэрэгжүүлж ирсэн билээ. Тус аяныг энэ оны зургаадугаар сард Дундговь, Өвөрхангай, энэ сарын 21-22 өдрүүдэд Завхан аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол наймдугаар сарын 24, 25-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод өрнүүлэх юм.


Аяны өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж, цусны даралтаа хэмжүүлэх боломжтой. Мөн цусны даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх болон зүрх судасны өвчнөөр ойрын 10 жил өвдөх эрсдэлийг тодорхойлох, бие бялдрын үнэлгээ хийлгэх юм. Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьдчилсан сэргийлэх үзлэгээр эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн иргэд болон тухайн аймгийн нэгдсэн эмнэлгээс өгсөн жагсаалтын дагуу зорилтот бүлгийн иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн үзлэг оношилгоо хийгдэнэ хэмээн холбогдох албанаас мэдээлэв.


Говь-Алтай аймагт зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бөгөөд сүүлийн 10 жилийн судалгаагаар 2019 оноос хойш нийт бүртгэгдсэн өвчлөлийн тэргүүн байранд даралт ихсэх өвчин орсон байна.  

Холбоотой мэдээ