Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр нөлөөллийн ажил хийхээ илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Арван орны 200 гаруй хүүхэд, залуус байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад өөрсдийн хувь нэмрээ оруулах санаачилгаа гаргав. Чуулганы хоёр дахь өдөр “Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” хэлэлцэх асуудлын хүрээнд олон санал гаргасан юм.
Тодруулбал, бэлчээрийн ургамлыг малчдад таниулж мэдүүлэх, үе шаттай сургалт зохион байгуулах, ойн дагалт баялгийн нөөцийг зохистой ашиглах, арга технологи туршиж нэвтрүүлэх, зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах үүднээс тэмдэг тэмдэглэгээ бий болгох, ойжуулах, ойн сэргэн ургалтыг нэмэх зорилгоор мал бэлчээрлэлтийн зохицуулах журам гаргаж хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
Мөн зэрлэг
амьтадын байршил нутаг гэрийн тэжээвэр амьтдын нөлөөллийг бууруулах талаар эко
клубийн хүүхдүүд иргэдэд сургалт зохион байгуулах, бэлчээрийн ургамлын үр түүж бэлтгэх, нөөц
үүсгэх туршилт хийх, “Тэрбум мод”
аяны хүрээнд Эко клубын
хүүхдүүдийг сургагч багшаар бэлтгэх, хашиж хамгаалсан булаг шандаас ундаалж буй зэрлэг амьтдын зүйлийн
бүрдэл, тоо толгойн мониторинг судалгаа хийх, бэлчээрийг өнжөөх, сэлгэж ашиглах хуваарийг загвар суманд бий
болгох, говийн бус дэх ундны
усыг шинжилгээнд хамруулж үр дүнг нутгийн иргэдэд танилцуулах зэрэг саналуудыг гаргаж
бүлгийн ажил өрнүүллээ.
Оролцогч хүүхэд бүр орон нутагтаа уур амьсгалын өөрчлөлтөд
дасан зохицох, нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажил
хийхээ илэрхийлжээ.
БОАЖ-ын Сайдын санаачилгаар зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуус”
олон улсын чуулганд оролцсон хүүхэд залууст талархал, илэрхийлэн батламж
гардуулав.