Оросын сонгогчдын 0,05 хувь нь саналаа урьдчилан өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. ОХУ-ын нийт сонгогчдын 0,05 хувь нь Төрийн Думын сонгуульд саналаа урьдчилан өгөөд байна гэж тус улсын Сонгуулийн Төв комиссын дарга Элла Памфилова өнөөдөр мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар, нийт сонгогчдын 0,05 хувь нь буюу 63 766 хүн саналаа урьдчилж өгөөд байгаа ажээ. Тэд бол голдуу алслагдсан болон хүрч очиход хэцүү бүс нутгийн иргэд юм. Түүнээс гадна, үерт нэрвэгдээд буй Приморийн хязгаарын 8 районд оршин суугаа 20 мянга орчим иргэд маргааш саналаа урьдчилан өгнө гэдгийг Э.Памфилова мэдэгдлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, ажиглагчдыг бүртгэх хугацаа өнөөдрөөр дуусч байгааг улстөрийн намуудад сануулсан байна.
ОХУ-ын Төрийн Думын ээлжит сонгууль холимог тогтолцоогоор ирэх ням гарагт болох бөгөөд 225 депутатыг намын жагсаалтаар, 225 депутатыг нэг мандаттай тойргуудаас сонгох ажээ. Мөн өдөр тус улсын 39 бүс нутагт орон нутгийн хурлын сонгууль болох бол холбооны 7 субъектэд удирдах албан тушаалтнуудыг шууд сонгох сонгууль болно.
Х.Сарнай