ОХУ-ын ажиллагаа Сирийн тусгаар тогтнолд нөлөөлөхгүй

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-06 13:30:34

БЕЙРУТ. /TASS/. Москва болон Дамаск ойр дотно харилцаатай байдаг учир “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ОХУ-ын ажиллагаа Сирийн бүрэн эрхт байдалд нөлөөлөхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Валид аль-Муалем өчигдөр мэдэгдэв.

НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийн хүрээнд, Сирийн Засгийн газрын хүсэлтийн дагуу ОХУ үйл ажиллагаа явуулж байгаа. ОХУ-ын энэ ажиллагаа нь Сирийн бүрэн эрхт байдлын үндсэн дээр явагдаж байгаа бөгөөд улсын тусгаар тогтнолд нөлөөлөхгүй гэдгийг тэрбээр онцлов.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн террорист байгууллага гэж үздэг “Лалын улс” бүлэглэлийн байрлалд ОХУ агаараас цохилт өгч байгааг тэрбээр мөн цохон тэмдэглэжээ.

Сирийн хямралыг дэврээсэн АНУ, Франц, Турк, Саудын Арави, Катар зэрэг орон ОХУ-ын ажиллагааг буруушааж байгаа билээ.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалыг ОХУ нарийн тодорхойлж, есдүгээр сарын 30-нд агаараас цохилт өгсөн. Байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг зэрэг агаарын 50 гаруй техникээ ОХУ Сирид байрлуулсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенковын мэдэгдсэнээр, ОХУ-ын агаарын цэргийн хүчин “Лалын улс” бүлэглэлийн цэргийн техник, холбооны төвүүд, тээврийн машин, зэвсгийн агуулах болон бусад байгууламжид агаараас цохилт өгчээ. Уг ажиллагааг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын хүсэлтийн дагуу явуулж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд