Баянхошуу дэд төвд 126 айлын түр суурьшуулах орон сууцыг ашиглалтад орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Баянхошуу дэд төвд есөн давхар бүхий хоёр блок, нийт 126 айлын түр суурьшуулах зориулалтын орон сууцыг ашиглалтад орууллаа.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар Нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж байгаагийн нэг нь дээрх орон сууц юм.
Энэхүү орон сууц нь стандартын дагуу явган хүний болон авто зам, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай бөгөөд ус, дулаан хангамж нь Баянхошуу дэд төвийн дэд бүтэцтэй бүрэн холбогдсон юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэлд хэрэгжиж буй зургаан дэд төвийн төслийг түшиглэн бүтээн байгуулалтын ажлууд шат дараатайгаар өрнөж буй. Бүтээн байгуулалт нь бүрэн дууссан Баянхошуу болон Сэлбэ дэд төвд нийт 250 өрхийн орон сууц, инженерийн шугам сүлжээ, нийгмийн барилга байгууламж, авто замыг ашиглалтад орууллаа. 2024 он гэхэд Баянхошуу, Шархад дэд төвүүдийг түшиглэн 196 нэгж талбарын 11.1 га газарт төслийн нэгдүгээр үе шатны 750 өрхийн ногоон орон сууцыг ашиглалтад оруулна. Ингэснээр түр суурьшуулах болон түрээслээд өмчлөх орон сууцны сан 750 орон сууцаар нэмэгдэх юм гэв.