БАЯНХОНГОР: Их Богдын оргилд зуны сард цас бударч байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-07-03 17:15:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий нуур зэргийг Их богдод үзэж болно.


Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн. Баруун хойд зүгээс зүүн урд зүгийг чиглэн 70 км урттайгаар үргэлжлэн тогтсон тус нуруу Монгол Улсын баруун урд бүс нутагт буюу Баянхонгор аймагт оршдог. 


Монголын хоолой, Хонгор, Давхар, Бор үзүүр, Үхэр толгойн өргөн цэнхэр талууд, Орог нуурын хөвөө, Толь нарийн цагаан, Их булагийн элсэн манхан зэрэг сонин тогтоцтой газрууд олон бий.


1957 оны 12 дугаар сарын 4-нд Их Богд ууланд 11.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн ул мөр 100 км үргэлжилсэн газрын хагарал өнөө хүртэл эдгээгүй байна. Уул хагарч Битүүтийн хөндийд унаж голын усыг боосноос үүссэн нуур ч хэвээрээ байдаг.


Тодруулбал, Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ “Хөх нуур”, “Ногоон нуур” нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг. Мөн Их Богдын оргилд зуны сард цас бударч байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм.



Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн төдийгүй хулан, хавтгай, аргаль, янгир зэргээс гадна улаан номд бичигдсэн олон ан амьтад бий.


Их Богд уулын орчмын ургамал, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөний улмаас устах буюу дүрвэн ховордож байгаа аргал, янгир, ирвэс болон бусад амьтдыг тусгайлан хамгаалах зорилгоор Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумын хил зааг орчмын 262.856 га талбайг УИХ-ын 2008 оны 05 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.



Сонирхуулахад, тус бүсэд Жаранбогд уулын оройд орших зөрсөн хос загасны дүрс бүхий хөшөөтэй хиргисүүр, Пунцагийн овооны бунхан, Дуут, Ханх, Хангинахын хадны бичиг, сүг зураг, Битүүтийн гэр хад /агуй/ зэрэг өвөрмөц сонин түүх соёлын дурсгалт газрууд байдаг нь судлаачид, жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг.

Холбоотой мэдээ