Зэсийн баяжмалын анхны цахим арилжааны цанг цохилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-29 16:48:41

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Зэсийн баяжмалыг цахимаар борлуулах арилжааны цан цохих ёслол Монголын Хөрөнгийн биржийн арилжааны танхимд өнөөдөр 16.00 цагт боллоо.


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжих талаар шийдвэрлэж, уг тогтоолын дагуу ийнхүү зэсийн баяжмалын анхны арилжаа эхэллээ. Цанг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон цохиж арилжааг эхлүүлэв.


Эхний арилжаагаар 22.35 хувийн зэсийн агуулгатай нийт 3000 тонн нойтон зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах юм. Арилжсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх юм.


УУХҮЯ-ны мэдээллээр нүүрс болон төмрийн хүдрийн баяжмалын экспортын 50-иас доошгүй хувийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан гаргаж байна. 


Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монголын Хөрөнгийн бирж уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан талаар Монголын Хөрөнгийн бирийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр мэдээллээ.


Тэрбээр, Уул уурхайн бүтээгдэхүүний тухай хуулиар зөвхөн төрийн өмчит компаниуд заавал биржээр дамжуулан арилжина хэмээн тусгасан. Хувийн хэвшлийн компаниудын хувьд Хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжин борлуулах үйл ажиллагаа нээлттэй байгаа гэдгийг тэрбээр тодотголоо.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн ААН-үүдээс “Хангад эксплорейшн”, “Энержи ресурс” нүүрсээ Хөрөнгийн биржээр дамжуулан цахимаар худалдан гаргаж байна.

2024 оны эхний улиралд уул уурхайн бүтээгдэхүүний нийт 197 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулжээ. Монголын Хөрөнгийн бирж ХК-иар дамжуулан:

  • “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Хангад эксплорэйшн” компани 5.22 сая тонн нүүрсийг 2.39 их наяд төгрөгөөр,
  • “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нийт 358.8 мянган тонн төмрийн хүдэр болон баяжмалыг 94.94 тэрбум төгрөгөөр тус тус арилжаад байна. 


Нэмж мэдээлэхэд, Монголын Хөрөнгийн биржээр дамжуулсан нүүрсний цахим худалдаа өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сард, төмрийн хүдрийн баяжмалын цахим худалдаа мөн оны 10 дугаар сард эхэлж, өнөөдрийн байдлаар 9.3 сая тон нүүрс, 522 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг цахимаар арилжаад байна.


Холбоотой мэдээ