БАЯНХОНГОР: Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-22 12:30:33

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж, 12 орны 357 тамирчин есөн насны ангиллаар оюун ухаанаа сорин өрсөлдлөө.


Тэмцээнд Баянхонгор аймгийн "Оюуны нүүдэл" клубийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, турк даамын төрөлд спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал сургуулийн сурагч Цэрэндоржийн Мөнхбаяр түрүүлж алтан медаль, цомын эзэн болов. Мөн 64 буудалт даамын үндсэн төрөлд Баян-Ойт сургуулийн сурагч Эрдэнэбилэгийн Базарсад дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн бол Ү100 даамын төрөлд Баян-Ойт сургуулийн сурагч Бямбасүрэнгийн Гэгээн-Амарлин тавдугаар байрт шалгарсан байна.


Баянхонгор аймгийн даамын холбоо нь 2017 оноос төрийн бус байгууллагын статустай болж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд улсын аварга болон ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоор иржээ. Үүнээс дэлхийн аваргын 1 алт, Азийн аваргаас 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль, улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 20 медаль хүртэж, спортын мастер 7, спортын дэд мастер 30 гаруй тамирчинтай болжээ.

Мөн 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд хүрэл медаль, 2022 оны Монгол Улсын “Шилдэг аймаг”, 2022 оны Монголын даамын холбооны “Шилдэг тамирчин”-аар спортын мастер Ч.Дашпунцаг, 1 дүгээр зэргийн тамирчин Ө.Азжаргал нар тодорсон бол 2023 оны Монгол Улсын “Шилдэг ахмад тамирчин”-аар спортын мастер Д.Мөнхзаяа, Спортын мастер Ч.Дашпунцаг 2022 оны “Оны онцлох тамирчин”-аар тус тус тодорсон байна.

Холбоотой мэдээ