Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-29 17:05:39

ЛИССАБОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 29. /Reuters/. Португалын Засгийн газар Африкийн хуучин колони орнуудад нөхөн төлбөр төлөх үйл явцыг эхлүүлэхээс татгалзсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Колоничлолын үеийн хохирлыг нөхөн төлөх шаардлагатай гэж тус улсын Ерөнхийлөгч Марсель Ребело де Соуза өмнө нь мэдэгдсэн юм.


Засгийн газар мэдэгдэхдээ "хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн сацуу түүхэн үнэнийг хүндэтгэж, ард түмнүүдийн ахан дүүсийн эвлэрэлд тулгуурлан илүү эрчимтэй, нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна" гэжээ. Гэсэн хэдий ч өмнөх Засгийн газруудын нэгэн адил нөхөн төлбөр төлөх асуудлаар “ямар нэгэн үйл явцыг эхлүүлээгүй, тодорхой арга хэмжээний хөтөлбөр” байхгүй хэмээн мэдэгджээ. Түүнчлэн хуучин колоничлогдож байсан улс орнуудтай тогтоосон харилцаагаа “маш сайн” гэж тодорхойлоод, боловсрол, хэл, соёл, эрүүл мэнд, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү анхаарсан гэдгийг дурдсан байна. 

 

Португалын Ерөнхийлөгч Ребело де Соуза өнгөрсөн долоо хоногт гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ ийм нөхөн төлбөр төлөх шаардлагатай байгааг дурджээ. Тэрбээр боолчлолын талаар шууд дурдаагүй ч Португал улс колоничлолын үед үй олноор хөнөөж, дээрэм тонуул хийсэн зэрэг өнгөрсөн үеийн гэмт хэргийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх ёстой гэж мэдэгдээд "нөхөн төлбөр төлөхийг" уриалжээ. Тухайлбал, хуучин колони байсан орнуудын өрийг тэглэж, санхүүжилт олгохыг санал болгосон байна. Үүнийг барууны үзэл баримтлалтай намууд ширүүн шүүмжилжээ.


Португалын колоничлолын эрин үе 500 гаруй жил үргэлжилжээ. XV-XIX зууны хооронд Африкийн зургаан сая орчим иргэнийг Атлантын далайгаар хүч хэрэглэн зөөвөрлөж Бразилд аваачиж зарсан байна. Португалын колоничлолд Ангол, Мозамбик, Бразил, Кабо Верде, Сан-Томе ба Принсипи, Зүүн Тимор болон Азийн зарим нутаг дэвсгэр багтаж байв. 


Лиссабоны хяналтад байсан Африкийн орнуудыг колоничлолоос чөлөөлөх ажиллагаа 1974 онд “Лиш цэцгийн хувьсгал”-аас хэдхэн сарын дараа эхэлж, улмаар Европ дахь хамгийн урт дарангуйллын дэглэмийг түлхэн унагаж, Португалд ардчиллыг эхлүүлжээ.

Холбоотой мэдээ