Номхон далай дамнасан түншлэлд Хятадыг нэгтгэхийг үгүйсгэсэнгүй

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2015-10-06 13:13:16

ТОКИО. /TASS/. Бүс нутгийн эдийн засгийн  шинэ нэгдэл болох Номхон далай дамнасан түншлэлд /НДДТ/ Хятад улсыг ирээдүйд нэгтгэхийг дэмжиж байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.

“Хэрэв Хятад улс ирээдүйд энэ түншлэлд оролцвол стратегийн чухал ач холбогдолтой байх бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулна” гэж Японы Засгийн газрын тэргүүн Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Шинзо Абэ мөн НДДТ-ийг бий болгох нь Зүүн Ази даяар худалдааны чөлөөт бүс байгуулахад түлхэц өгөх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийг эдийн засгаар бүрэн нэгтгэхэд тус дөхөм болно гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Энэ нь мөн Европын Холбоотой хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг эрчимжүүлэхэд тусална” гэж тэрбээр онцлон дурдсан байна.

НДДТ-д одоогийн байдлаар АНУ, Канад, Австрали болон Шинэ Зеланд, Вьетнам, Малайз, Сингапур, Чили, Перу улсыг оруулаад бүс нутгийн 12 орон нэгджээ. Янз бүрийн тооцоогоор эдгээр улсад дэлхийн худалдааны 40 орчим хувь нь ногддог байна. НДДТ байгуулах тухай гэрээнд тус холбоонд нэгдсэн улс орнуудын импортын барааны татварыг тэглэх эсвэл бууруулах, хөрөнгө болон технологийн хөдөлгөөнд тавьсан болзлуудыг хөнгөвчлөх талаар тусгажээ.

Харин ийм тогтолцоо байгуулах хэлэлцээнд эдийн засгаараа дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог, Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн эрч хүчтэй хүч болох  Хятад улс оролцохгүй байгаа юм. АНУ болон Япон НДДТ-ийг Бээжинг тогтоон барих болон бүс нутагт стратегийн байр сууриа бэхжүүлэх арга хэрэгслийн хувиар харж байна гэж Японы шинжээчид найрсгаар цохон тэмдэглэж байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд