СЭЛЭНГЭ: Т.Болор: 36 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-29 11:09:17

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 онд хийж гүйцэтгэсэн санхүүгийн тайлангийн аудитын талаар ахлах аудитор Т.Болортой ярилцлаа.

 

-Энэ өдрийн мэнд хүргэе. Танай байгууллагаас хийж байгаа санхүүгийн тайлангийн аудитад он гарсаар хэчнээн байгууллага хамрагдав, ямар дүгнэлт гарав?

-Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газраас Төсвийн тухай хуульд заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон 310 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийлээ. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчийн 1, 17 сумын төвлөрүүлэн захирагч, 265 төсвийн байгууллага, 27 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын зэрэг нийт 310 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 155 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.

 

Мөн 155 байгууллагад бие даасан дүгнэлт өгч ажиллалаа. Эндээс 137 байгууллагад өөрчлөлтгүй, 18 байгууллагад хязгаарлалттай дүгнэлт өгсөн.

 

-Өөрчлөлтгүй, хязгаарлалттай гэдгийг юу гэж ойлгох вэ? Санхүүгийн тайлангийн аудитаар өгч байгаа санал дүгнэлт гэж ойлгож болох уу?

-Аудитын дүгнэлтийн үндсэн хоёр төрөл байдаг. Энэ бол өөрчлөлтгүй буюу өөрчлөлттэй дүгнэлт гэж. Жишээ нь Санхүүгийн тайланг бүх материаллаг зүйлсийн хувьд холбогдох санхүүгийн тайлагналын үзэл баримтлалд нийцүүлэн үнэн зөв толилуулсан гэж аудитор дүгнэсэн бол аудитын дүгнэлт өөрчлөлтгүй байна.

 

Харин өөрчлөлттэй дүгнэлт нь Санхүүгийн тайланг бүхэлдээ материаллаг буруу илэрхийлэлгүй гэж үзэх боломжгүй /зөрчилтэй, санхүүгийн тайлан бүхэлдээ материаллаг буруу илэрхийлэлгүй гэж дүгнэх хангалттай, зохистой аудитын нотолгоо олж авах боломжгүй /хамрах хүрээний хязгаарлалттай тохиолдолд аудиторын тайлангийн дүгнэлтийг өөрчилж болно гэсэн үг.

 

-2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар 18 байгууллагад Хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Эдгээрт хариуцлага тооцдог уу?

-2003 онд батлагдсан Төрийн аудитын тухай хуулийн 28.1-т “ ... санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай санал, дүгнэлт авсан ... албан тушаалтанд ... сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг ... бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.” гэж заасан байсан бол 2020 оны шинэчилсэн хуулийн 42.1-т “... хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, ... санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, ... албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.” гэж заасан байдаг.

 

Үүний дагуу өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлээгүйгээс алдаа зөрчлийг давтан гаргасан, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлж, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэн, материаллаг хэмжээний зөрчил гаргасан зэрэг нийт 36 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлээд байгаа.

 

-2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийт 22,590.8 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Нийтлэг гарч байгаа зөрчил нь юу байна вэ?

-Энэ илэрсэн алдаа, зөрчлөөс Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналтай холбоотой 8,708.6 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 142.1 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосон. Мөн 9,163.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 4,576.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх зөвлөмж өгсөн байгаа.

 

Санхүүгийн тайлангийн аудитаар:

-Төсөвт байгууллагын үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогыг дутуу төвлөрүүлсэн,

-Цалин, нэмэгдэл, урамшил, тэтгэмжийг алдаатай тооцоолсон, тушаал шийдвэргүйгээр буюу давхардуулан олгосон, сахилгын шийтгэл ногдуулсан албан хаагчдын сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болоогүй байхад үр дүнгийн урамшуулал олгосон,

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөж ажиллаагүй,

-Төсвийг зохистой удирдаагүй, төлбөр тооцоог урьдчилан хянаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн, үүссэн авлага, өр төлбөрийг бүртгэл тайланд тусгаагүй,

-Төсөвт зохицуулалт хийлгэлгүйгээр буюу дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөлгүйгээр зардлын бүлэг хооронд гүйлгэн зарцуулсан, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг нийтлэг зөрчил илэрч байна.

 

-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт хэр байна?

-Төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2022 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх заавар”-ын дагуу төрийн хэмнэлтийн бодлого, хэрэгжилт, үр дүнтэй холбоотой асуудлыг санхүүгийн тайлангийн аудитад хамруулан гүйцэтгэсэн.

 

Аудитаар хориглосон, хязгаарласан заалтыг биелүүлээгүйтэй холбоотой 32 байгууллагад 211.4 сая төгрөгийн зөрчил илэрснээс 15.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт, 192.8 сая төгрөгийн зөрчилд түүнийг арилгах албан шаардлага, 2.9 сая төгрөгийн зөрчилд үүнийг давтан гаргахгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн.

 

-Аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд нэгтгэгдсэн байгууллагын тоо, өгөгдсөн дүгнэлт, илэрсэн алдаа зөрчлийн талаар?

-2023 онд аймгийн ТЕЗ-ийн тайланд 130 байгууллага нэгтгэгдсэн нь тайлант онд ЕБС, цэцэрлэг, ЭМТ, соёлын төвүүд нь тус тусын яамдын төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяанд шилжсэнтэй холбоотой юм. Аймгийн ТЕЗ-ийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 865.1 сая төгрөгийн материаллаг зөрчил илэрсэн.

 

Гэвч доор дурдсан зөрчлүүд нь бидний тооцсон материаллаг байдлын түвшнээс бага байгаа учир аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Өөрчлөлтгүй санал дүгнэлт өгсөн.

 

Үүнд материаллаг хэмжээний алдаа, зөрчил буюу акт, албан шаардлагын дүн буурсан нь өмнөх оны аудитаар илэрсэн алдаа, зөрчилд өгөгдсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг газар дээр нь буюу сумдад томилолтоор ажиллаж, тулган баталгаажуулж, илэрч буй алдаа зөрчлийг бууруулах талаар зөвлөмж өгч ажилласны үр дүн юм.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ