СЭЛЭНГЭ: Б.Жавхлан: Алтанбулаг чөлөөт бүсийн асуудал хүнд байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-23 09:46:34

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Сангийн Сайд Б.Жавхлан албаны бусад хүмүүсийн хамт энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын ШНБоомт болон Алтанбулагийн Чөлөөт бүсд ажиллалаа.

 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж бодит нөхцөл байдлыг танилцуулж, боомтын ажлыг шуурхай дуусгаж хурдан хугацаанд яаралтай ашиглалтад оруулж өгөх хүсэлтээ илэрхийллээ.

 

Сангийн сайд Б.Жавхлан: -“Бид ажлаа хөөгөөд явж байна. Алтанбулаг боомтын хуучнаар зорчигч тээврийн байгууламжийг буулгаад хүчдэл хийгээд ажиллаж байгаа. Гэвч энэ ажил маш их удаж байна. Үүнийг газар дээр нь үзээд ажлын зохион байгуулалтад орох үүрэг, чиглэл өглөө.

 

Мөн энд төслөөс гадна орхигдсон төлөвлөгдөөгүй объектууд, зарим ажлууд их байна. Тухайлбал хилийн хорио цээрийн ариутгалын арк, гаалийн хяналтын рентген гээд. Энэ бүх ажлууд ашиглалтад орж байж, хилийн нэвтрэн өнгөрөх,  хорио цээр, хилийн гааль бүх процесс саадгүй явах ёстой.

 

Мөн энд Алтанбулаг чөлөөт бүсийн асуудал маш хүнд байна. Энд эдийн засаг, худалдааны маш том бүс байх ёстой. Зөвхөн худалдаа биш, үйлдвэрлэл худалдааны бүс байх байтал өнөөдөр дэд бүтэц шийдэгдээгүйн улмаас үйлдвэр барих ямарч боломж байхгүй. Хэдийгээр ерөнхий төлөвлөлт байгаа хэдий ч зах зээлийнхээ жамаар энд үйлдвэр орж ирээд суурьшлын бүс үүсээд, үйлдвэр байгуулах, тэнд хүмүүс ажиллаж, амьдрах ямарч боломж  алга.  Шийдэх асуудал маш их байна.

 

Харин оросын талаас чөлөөт бүсийг өргөтгөх, хамтын чөлөөт бүс байгуулах асуудалд маш идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Гэвч манай талаас үндсэндээ их хойрго ажиллаж байна гэсэн үг.  

 

Тиймээс энэ Алтанбулаг хилийн бүс орчимд үүсч байгаа эрчим хүч, дэд бүтэц, дулааны хэрэгцээг хангах шаардлага гарч байна. Иймээс энд дэд бүцийн асуудлыг шийдэх нь хамгийн тулгамдсан асуудал болж байна.

 

Ирэх жилд төсөвт төлөвлөгдөж байгаа хэмжээнд ажиллах шаардлага гарч ирж байна. Монгол Улсад 3-хан чөлөөт бүс байдаг. Эднийг жинхэнэ чөлөөт бүс гэсэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах ажил тулгамдсан асуудал болж байна.

 

Хилийн боомтын шинэ байгууламж ашиглалтад орохоор орох гарах урсгалын хүчин чадал нэмэгдэх ч дэд бүтцийг нэн түрүүнд шийдвэрлэх нь хамгаас чухал байна”  хэмээв.  

 

Сангийн Сайд Б.Жавхлангийн зүгээс бодит ажил байдалтай танилцах үеэрээ Алтанбулаг боомтын ачаа тээврийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх 9 сард дуусгаж ашиглалтад оруулах, мөн боомтын зорчигч тээврийн хэсгийн барилгын ажлыг энэ оны 12 сарын 31-н гэхэд мөн дуусгах үүрэг чиглэлийг тус тус өглөө.