АНУ-ын Худалдааны сайд Кубад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-06 12:21:17

ГАВАНА. /TASS/.  АНУ-ын Худалдааны сайд Пенни Прицкерийн Куба улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх зорилгоор тус улсад хийж буй хоёр өдрийн айлчлал эхэлжээ.

Тэрбээр хоёр талын харилцааг хэвийн болгох болон худалдааны хоригийг зөөллөх асуудлыг Гаванад хэлэлцэхээр төлөвлөж байна.

Америкийн Худалдааны яамны мэдээлснээр, Прицкер Кубын удирдлагуудтай уулзаж, “зохицуулалтын асуудлаарх” хуралд оролцоно. Энэ уулзалтад  түүнтэй хамт АНУ-ын Сангийн яамны ажилтнууд улсаа төлөөлнө. Улсынх нь иргэд арлын энэ улсад зорчих журамд сүүлд оруулсан өөрчлөлтийг, мөн тус улстай байгуулсан худалдаа, санхүүгийн гэрээтэй холбоотой шинэ заалтуудыг Америкийн төлөөлөгчдийн багийн гишүүд Кубын түншүүддээ танилцуулна.

Үүнээс гадна, Америкийн төлөөлөгчид Кубын эдийн засгийн байдал болон бүтцийн талаар, тэр дундаа  төрийн бус салбарын тухай нэмэлт мэдээллийг Гаванагийн эрх баригчдаас авна гэж найдаж байгаа аж. Зохицуулалтын асуудлаар хийх яриа хэлцээ нь "Кубад чиглэсэн АНУ-ын шинэ бодлогыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийг дэмжих" зорилготой" гэж АНУ-ын Худалдааны яам мэдээлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд