СЭЛЭНГЭ: Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн анхны өсвөрийн тамирчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-15 12:44:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн "U17" насны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс "Сэлэнгэ Таван хан ноён" клубийн тамирчин Б.Занданбат хүрэл медаль хүртжээ.

 

Тэрбээр хөвгүүдийн 60 кг-ын жинд амжилттай барилдаж энэхүү амжилтыг үзүүлсэн байна. Б.Занданбат тэгшитгэлийн барилдаанд Бүгд Найрамдах Ирак Улсын бөх Абдулазеез Аль Хайдериг 6:0-ээр, шөвгийн наймд Япон Улсын бөх Котэцү Кюүдэнийг 11:1-ээр ялсан ч хагас шигшээд Иран Улсын бөх Саид Голамхассан Пирдаянд 4:8-аар ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр ялсан байна.

 

Б.Занданбат Бишкекийн дэвжээнээс Монгол Улсын өсвөрийн бөхчүүдээс хүрэль медаль хүртсэн ганц тамирчин болоод байгаа ажээ.

Холбоотой мэдээ