АРХАНГАЙ: Булган ууланд 11 янгирыг сэргээн нутагшуулахаар тавилаа

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-06-10 13:01:32

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан 1993, 1999 оны төгсөгчид санаачлан Архангайд төгсөгчид, ХААИС-ийн багш нар, эрдэмтэн, судлаач нартай хамтран Булган ууланд янгир нутагшуулах ажлыг зохион байгууллаа.


Өнөөдөр өглөө хоёр эр, найман эм янгирыг нэг ишигний хамт Булган ууланд тавилаа. Янгирууд шинэ орчинд хэдий ирсэн ч элгэн хад бүхий Булган уулын энгэр өөд өөрийн идээшсэн нутаг мэт цойлон одлоо. 


1985 онд Богдхан ууланд зэрлэг янгирыг олноор нь нутагшуулах ажлыг зохион байгуулснаас хойш орон нутагт анх удаа, улсын хэмжээнд хоёр дахь удаагаа янгирыг олон тоогоор нутагшуулах ажлыг ийнхүү хийж байгаа аж. 


Булган ууланд янгир нутагшуулах ажил ирэх дөрвөн жилд үргэлжлэн цус сэлбэх зорилгоор жил бүр 10 янгир авчирч байхаар төлөвлөжээ.


Янгируудад байршил заагчийг хүзүүнд нь зүүсэн бөгөөд орон нутгийн зүгээс хоёр байгаль хамгаалагчийг ажиллуулж, хяналт тавих, хөөж үргээхээс сэргийлж, Булган уул өөд гарах, зул өргөх ажлыг түр хориглох зэрэг арга хэмжээг авах аж.