"Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023”-д оролцогчид санал, дүгнэлт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-10 10:45:06
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хорооны удирдлага оролцсон  "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт анх удаа боллоо.


Уулзалтад оролцогчид есөн салбар хороонд хуваагдан хуралдаж, санал дүгнэлт гаргалаа. Тэд улсын хөгжлийг нэгдмэл байдлаар урт хугацаанд төлөвлөх, хүрэх үр дүн рүү Засгийн газрын бүх шатны байгууллагын үйл ажиллагаа чиглэх хэрэгцээ байна. Мөн байгууллагын, нэгжийн болон төрийн албан хаагчдын өдөр тутмын ажлын бүтээмжийг дээшлүүлэх замаар УХХБ-ын зорилтуудын биелэлтийг хангах шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал, “Эдийн засаг”-ийн салбар хорооны хуралдаанаас цар тахал, геополитикийн хүндрэлтэй хүнд үе байсан ч манай улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан эдийн засгийн зорилт арга хэмжээгээ амжилттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ. Ингэхдээ “Эдийн засаг” зорилгын хүрээнд 13 үзүүлэлтийг шалгуур болгосноос дийлэнхийг нь амжилттай хангаад явж байна.  Жишээ нь, эдийн засаг 2023 оны эхний улирлын байдлаар 7.9 хувьд хүрч цар тахлын өмнөх түвшиндээ хүрч зорилтоо хангаж байгаа бол нэг хүнд ногдох ДНБ 5000ам.долларт хүрээд байна. Экспорт гэхэд л 2022 онд 12.5 тэрбум ам.долларт хүрч өслөө. Энэ бүхэн нь өнгөрсөн гурван жилд цар тахал, дайнаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулсныг харуулж байна гэж үзжээ. 


Цаашид Монгол Улс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшнийг ахиулж холбогдох төслүүдийг хэрэгжүүлж, экспортын орлогоо нэмэгдүүлэх, нөгөө талдаа эдийн засгийн төрөлжилтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгосноор хөгжлийн бодлогын зорилго хангагдана гэж салбар хорооныхон дүгнэлээ.


Харин “Засаглал”-ын салбар хорооныхон төрийн албан хаагчдыг ухаалаг засаглалын тухай нэгдсэн ойлголттой болгож, бодлогын хэрэгжилтийг бүх түвшинд хэрэгжүүлэх, төрийн болон төрийн өмчит байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийх замаар бүтээмж, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэв. Засаглалын хүрээнд иргэн–төр–хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, Засгийн газраас төрийн бодлогын хэрэгжилтэд анхан шатны нэгжийн удирдлага, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэлээ.


“Үндэсний нэгдмэл үнэт зүйл”салбар хорооныхон салбарын хүний нөөцийн бодлого, албан хаагчийн мэдлэг, чадвар, ажиллах орчныг сайжруулах, аймаг тус бүрийн онцлогийг шингээсэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын салбар нэгдсэн нэг стандарттай байх ёстой гэж дүгнэв. Мөн биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, соёлын аялал жуулчлалыг дэмжсэн бүтээн байгуулалт, комплекс байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ бий гэлээ.


"Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван, аюулгүй нийгэм”, “Бүс,орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот”гэсэн есөн салбар хорооны хурлаар үргэлжилж, тус бүрдээ санал, дүгнэлт гаргасан юм.


Холбоотой мэдээ