ГОВЬ-АЛТАЙ: ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны дэмжлэгээр Эрээн нуурыг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-12 12:40:43

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн явцын үнэлгээний баг Говь-Алтай аймагт ажиллалаа.


Тодруулбал, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хоёр, гуравдугаар шатны хэрэгжилт, 2022 оны ажлын тайлантай танилцах ажлын хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны төслийн менежер Нина Отто, БОАЖЯ-ны ТХГНБЗ-ын газрын дарга Н.Баатарцогт нараар ахлуулсан ажлын баг зургаадугаар сарын 7, 8-нд Говь-Алтай аймагт ажиллав. 

 

Үнэлгээний баг Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймаг, Монгол Алтайн нурууны УТХГ, Хөх сэрхийн ДЦГ, Хар ус нуурын УТХГ, Монгол элсний БЦГ, Мянган угалзатын БЦГ, Мөнххайрханы БЦГ, Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны төлөөллүүдтэй уулзаж төслийн хөрөнгө оруулалт, тэдгээрийн ашиглалт, эзэмшил, тогтвортой байдалд үнэлгээ хийж, үр дүнтэй танилцсан юм.

 

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт Орчны бүсийн иргэдийн амьжиргаа дэмжих чиглэлээр олгосон хүлэмж, услалтын системийн дэмжлэг авсан бичил төсөл хэрэгжүүлэгч нартай уулзаж үйл ажиллагаатай танилцан, үр өгөөжийг хэлэлцсэн тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Байгаль орчны салбарын ажилтнууд, хамгаалагч нарт судалгааны тоног төхөөрөмж, машин техникийн тусламж үзүүлж, дөрвөн улирлын хувцсаар хангасан явдалд баруун бүсийн байгаль орчны салбарын байгууллагын удирдлага, байгаль хамгаалагчид талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангаж ажиллахаа илэрхийллээ. Тодруулбал,  Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас төслийн багтай цаашид хамтран ажиллах томоохон ажлуудын зураг төсөв, санал танилцуулсан юм. Үүнд: 

1. Жаргалан сумын “Эрээн нуурыг сэргээх, тохижуулах, усны барилга байгууламжууд барих" 

2. Байгаль орчны салбарын байгууллагуудын конторын барилга барих.

3. Говийн Их Дархан Цаазат газрын “А” хэсгийн Хамгаалалтын захиргааг түшиглэн “Зэрлэг амьтдыг авран хамгаалах төв буюу амьтны хүрээлэн байгуулах.

4. Хөхморьт суманд Элсний нүүлтийг сааруулах механик хамгаалалт 100 га, Ойн зурвасыг 100 га д хийх.

5. Дөргөн нуурын аялал жуулчлалын бүсэд ариун цэврийн байгууламжууд, хогийн савнууд хийж байршуулах талаар зураг төсөв, тооцоо судалгаа, ач холбогдлын талаар танилцуулав. 


Төслийн багийнхан эхний ээлжид Жаргалан сумын “Эрээн нуурыг сэргээх” ажлыг дэмжин зураг төсвийн дагуу барилга угсралтын ажил, нуурын ёроолын хурдас, ургамал зайлуулах цэвэрлэгээ, Эрээн нуурын байгалийн өвөрмөц тогтцыг сэргээх, орчны тохижилтыг хийж, нуурыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг ажлуудын төсвийг шат дараатайгаар шийдвэрлэхээр болсон тухай холбогдох албанаас танилцуулсан юм.



Холбоотой мэдээ