ОРХОН: П.Ганчимэг: Тусгай хэрэгцээт иргэдэд хувийн туслах үйлчилгээ нэн чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-09 12:33:59
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймаг хоёр дахь жилдээ тусгай хэрэгцээт иргэдэд зориулан “Хувийн туслах үйлчилгээ” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийг аймгийн ЗДТГ, “Хүмүүн бие даан амьдрах төв” ТББ хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийн бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, тэдэнд туслах, нийгэм дэх оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. 

“Хүмүүн бие даан амьдрах төв” ТББ-ын тэргүүн П.Ганчимэг анх өөрт нь тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд тус төслийг санаачлан Орхон аймгийн ЗДТГ-т санал тавьсан байна. 

Тэрбээр хэлэхдээ, “Би 21 жил тэргэнцэр дээр сууж байна. Анх хүзүүндээ гэмтэл авчихаад эдгэнэ л гэж бодсон. Олон жил эмнэлгээр яваад хөл дээрээ босчихно гэж  итгэсэн. Тэгсэн нэг удаа, дүүргийнхээ эмнэлэг дээр очиход эмч, "Чи суга таяган дээр ч явж чадахгүй. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр өдөржин би уйлсан. Яагаад гэвэл, өөрийгөө босоод явчихна даа гэсэн итгэл байсан учраас байнга л эмнэлгээр явж байсан. Ингээд  өөрийгөө хүлээн зөвшөөрснөөсөө хойш 21 жил болж байна. Бага хүү маань ч төрж манай нөхөр хүүгээ харж гэр бүлийн эдийн засаг ч хэцүүдсэн. Иймд би ажил хийж нөхөр хүүхдээ харахаар болсон. Ажил хийх гээд гэрээсээ гарахад хүмүүс намайг яаж хүлээж авсныг би огт мартдаггүй. Шантармаар үе зөндөө гарч байлаа. Ингээд тусгай хэрэгцээт хүмүүс хувийн туслахтай болчихвол ар гэр, асран хамгаалагч нар нь хөдөлмөр эрхэлж өрхийн орлого ч сайжирч болмоор санагдаад энэ төвөө нээсэн ” гэсэн юм.

Мөн Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт салбараа нээх гэнэ. Тусгай хэрэгцээт иргэдэд хамгийн чухал нь хувийн туслах үйлчилгээ гэсэн юм. 

Ийнхүү Орхон аймагт 2022 онд тусгай хэрэгцээт иргэдэд зориулж “Хувийн туслах үйлчилгээ”-г нээж сонсголын бэрхшээлээс бусад бэрхшээлтэй 11 иргэн хувийн туслах ажилтны дэмжлэгтэйгээр нийгэм дэх оролцоогоо нэмэгдүүлж байна. Туслах үйлчилгээ эрхлэхээр сонгогдсон 22 иргэн тусгай хэрэгцээт иргэдийн асаргаа, сувилгааны талаар “Хүмүүн бие даан амьдрах төв” ТББ-аас зохион байгуулсан гурав хоногийн сургалтад хамрагдаж туслах үйлчилгээг үзүүлж байгаа юм. Эдгээр 22 иргэний цалин, урамшуулал, НДШ-ийг аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлжээ. Орхон аймагт тусгай хэрэгцээт 4000 иргэн байгаагаас 400 нь байнгын асаргаатай юм.

 

 

 

Холбоотой мэдээ