ТӨВ: Дахивар бүтээгдэхүүн худалдан авах цэгийг ажиллуулах иргэн байхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-05 20:35:26

Зуунмод /МОНЦАМЭ/. “Дэлхийн байгаль орчны өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ жилийг “Хуванцар хог хаягдлын бохирдлын шийдэл” уриан дор дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Зуунмод сумын 3 багт дахивар бүтээгдэхүүн худалдан авдаг цэгтэй болсон. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан дахивар бүтээгдэхүүний худалдан авах цэгийн үйл ажиллагаа ямар байгаа талаар Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГ-ын мэргэжилтэн Б.Наранхүүгээс тодрууллаа.


-Өмнө нь танаас дахивар бүтээгдэхүүн худалдан авдаг цэгийн талаар тодруулж байсан. Өнөөдрийн байдлаар тус цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн болсон уу?

-Бидний төлөвлөж байсны дагуу зориулалтын байр, борлуулах цэгтэй болсон. Анх нээсэн үеэс хүүхдүүд маш ихээр дахивар бүтээгдэхүүнээ тушааж байсан. Гэсэн хэдий ч Зуунмод сумын 3 багт байрлаж байгаа цэгүүдэд тогтвортой ажилтан байхгүй байсаар байна. Ингэснээр хэвийн үйл ажиллагаа алдагдаж, иргэдийнхээ хогоо ангилан ялгаж байсан идэвхийг сулруулж байна.


-Ямар учраас ажилтан тогтохгүй байгаа вэ?

-Бид өөрсдөө цалинжуулдаггүй бөгөөд ямар нэгэн түрээсийн төлбөр шаарддаггүй. Тус цэгт ажиллаж байгаа иргэн дахивар бүтээгдэхүүнийг худалдан авах үйлдвэртээ тодорхой хэмжээний нэмэгдэлтэй зарж борлуулж ашгаа гарган авах боломжтой. Эсвэл тус үйлдвэрийн гэрээний ажилтан болох сонголтыг өгч байгаа. Гэсэн хэдий ч ажиллах сонирхолтой иргэд төдийлөн байхгүй байсаар байгаа нь хүнд байдалд оруулж байна. Бид аль болох түргэн шуурхай ажиллуулах иргэдийг олж, тогтвортой ажиллуулахаар төлөвлөн, ажилтныг хайсаар байна. 

Өмнөх тодруулга: https://montsame.mn/mn/read/317266

Холбоотой мэдээ