“ОПЕК+” олборлолтын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-06-05 09:00:17

ВЕНА. /Reuters/. Газрын тос олборлогч томоохон орнуудын бүлэг “ОПЕК+” газрын тосны олборлолтоо бууруулах одоогийн төлөвлөгөөгөө 2024 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцжээ.


Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотнуудаас бүрддэг тус бүлгийн сайд нар Австрийн нийслэл Вена хотноо ням гарагт хуралдсан юм.


Африкийн зарим орон болон бусад орон олборлолтын квотын талаар эсрэг байр суурьтай байсны улмаас хэлэлцээнд хүндрэл учирсан хэдий ч дээрх тохиролцоонд хүрсэн байна.


“ОПЕК+” 2022 оны 10 дугаар сард газрын тосны олборлолтоо дараагийн сараас өдөрт хоёр сая торхоор танах шийдвэрт хүрсэн юм. Гэхдээ энэ удаа 2023 оныг дуустал олборлолтоо нэмж бууруулахгүй байхаар шийдсэн байна.


Харин Саудын Араб ирэх долоодугаар сард олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт 1 сая торхоор бууруулахаа мэдэгджээ. Тус улс газрын тосны үнийн уналтыг зогсоохыг эрмэлзэж байна хэмээн шинжээчид үзэж байна. 

Холбоотой мэдээ