ХОВД: Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-30 20:31:47

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт зохион байгуулсан Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо.  Уг тэмцээнд 24 шатарчин өрсөлдсөн юм.
 

Монголын шатрын холбооны удирдлагын баг болон Ховд аймгийн удирдах ажилтан, шатар сонирхогчид, ахмад, дунд, залуу үеийн шатарчид өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд цуглаж, шагнал гардуулах ёслолд оролцон  шинэ аварга шатарчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгов.


Ховд аймагт болсон Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээн Монгол Улсын шинэ залуу аваргыг өлгийдөж авлаа. Тодруулбал, Төв аймаг, "Хан-Алтай" клуб, 52 дугаар сургуулийн тамирчин, спортын дэд мастер Э.Хүслэн тус тэмцээний тэргүүн байрт шалгарч, 15 насандаа  Монгол Улсын аварга шатарчнаар тодорсон юм.  11 дүгээр тойргийн тоглолтод Э.Хүслэн хар өнгөөр наадаж, Б.Амин-Эрдэнийн эсрэг хожил байгуулж, 11 өргөөс 7.5 хожилтой коэффицентийн давуугаар ийнхүү Монгол Улсын аварга цол хүртжээ. 


Харин Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61 дэхь удаагийн шигшээ тэмцээний тэргүүн байрт 16 настай, дэлхийн шатрын холбооны мастер М.Амилал шалгарсан юм. 


"Зууны шатар" клубийн тамирчин М.Амилал нэг ч хожигдолгүй 11 өргөөс 8.5 хожил авч, аваргын болзол ийнхүү хангажээ. Тэрбээр 16 настайдаа Монгол Улсын аварга цол хүртсэнээр Монголын шатрын түүхэн дэх хамгийн залуу Улсын аварга цолтон гэж нэрлэгдэх боллоо.     


Мөн 2023 оны Улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээний нээлттэй ангилалд: Өвөрхангай аймаг, "Их заргач" клубийн дасгалжуулагч Их мастер Г.Мөнхгал дэд байр, Ховд аймаг, "Гэгээн арвай" клуб, Олон Улсын мастер С.Ган-Эрдэнэ гуравдугаар байр эзэлсэн бол Завхан аймаг, "Гэгээн арвай" клуб, олон улсын мастер Г.Амартүвшин, Ховд аймаг, олон улсын хэмжээний мастер С.Чингүүн нар тусгай байрт шалгарав.


Эмэгтэй ангилалд: "Говь-Алтай" аймаг, "Босоо ноён" клубийн шатарчин, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Х.Баясгалан дэд байр,  Завхан аймаг, "Гэгээн Арвай" клуб, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Энхсаран гуравдугаар байр эзэлсэн бол Орхон аймаг, "Хангарьд" клуб, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул, Өмнөговь аймаг, дэд мастер Э.Энхрий нар тусгай байрт тус тус шалгарлаа. 

 

Холбоотой мэдээ